Монгол, Беларусийн гадаад харилцааны яамны улс төрийн зөвлөлдөх уулзалт болжээ

Монгол, Беларусийн гадаад харилцааны яамны улс төрийн зөвлөлдөх уулзалт болжээ

Манай Гадаад харилцааны яам, Беларусийн Гадаад хэргийн яамны улс төрийн зөвлөлдөх тавдугаар уулзалт өнөөдөр /2022.09.21/ Улаанбаатар хотод болжээ.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, беларусийн талаас Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч С.Ф.Алейник нар тэргүүлсэн байна. Уулзалтаар хоёр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бодлого, хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар харилцан танилцуулж, Монгол, Беларусийн хоёр талын харилцааг эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцаж, харилцан байр сууриа танилцуулав.

Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурал, улс төрийн зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих, түүх соёлоо сурталчилсан цуврал арга хэмжээг талууд хамтран хэрэгжүүлж байна.