Есдүгээр сарын 5-ны өдөр манай улсад суугаа Японы Элчин Сайдын Яам албан ёсны твиттер хуудсандаа "Японы далайгаас авч ирсэн “Хата” буюу сагамхай загасыг Монголд амжилттай үржүүлж “Китахата” гэж нэрлэсэн" гэж мэдээлсэн юм.
Монголд далайн сагамхай загасыг амжилттай үржүүлж байна
— Японы Элчин Сайдын Яам (@JapanEmb_MN) September 5, 2022
Японы Китагава ХК болон Монголын Китабулган ХХК, Окаямагийн шинжлэх ухааны их сургууль хамтран хуурай газрын Монгол Улсад далайн хата буюу сагамхай загасыг үржүүлж “Китахата” гэж нэрлэсэн юм. 9 дүгээр сарын 4-ний өдөр,(→) pic.twitter.com/eWLY73RkEi
Тэгвэл Японоос загас авчирч Монголд үржүүлэх хүнд бөгөөд сонирхол татах ажлыг “Китабулган ХХК” хийж байна. Тиймээс бид тус компанийг зорьж загас үржүүлэх ажлыг нь сурвалжлахын зэрэгцээ хувьцаа эзэмшигч Китагава Масахиротой ярилцлаа.
ВИДЕО:
-Сайн байна уу. Юуны түрүүнд танд далайн загасыг Монголд амжилттай өсгөж буйд баяр хүргэе. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Сайн байцгаана уу. Намайг Китагава Масахиро гэдэг. Би Монголд байдаг “Китабулган ХХК”-ийн хувьцаа эзэмшигч байна.
-Хэзээнээс энэхүү үйл ажиллагаагаа эхлүүлэв. “Хата” загасаа ямар хэмжээтэй байхад нь авч ирсэн бэ?
-Анх 2019 оны есдүгээр сарын 23-ний өдөр Монголд авч ирсэн. Загаснууд маань 10 см гаруй урттай байсан л даа. Дараа нь Окаямагийн шинжлэх ухааны их сургуультай хамтран судалгаа хийж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд гурван жил өсгөж байна.
-МОНГОЛД ДАЛАЙН ЗАГАС ӨСГӨХӨД ОРЧИН НЬ АЮУЛГҮЙ ТАЙВАН БАЙГААГААС ҮҮДЭЖ ӨСӨЛТИЙН ХУРД НЭМЭГДСЭН-
-Гурван жилийн хугацаанд өсгөсөн гэсэн шүү дээ. Загаснууд хэр томров?
-Бид 2020 оны есдүгээр сар хүртэл загасаа өсгөж үзье гэж төлөвлөж байсан юм. Гэтэл цар тахал гарсан. Хэдий төлөвлөгөөний дагуу ажил явагдахгүй байсан ч энэ хугацаа бидэнд сайнаар нөлөөлж загаснууд маань томорсоор байсан. Одоо манай хамгийн том загас 9 кг орчим жинтэй. Угтаа бол 1 кг жинтэй болохын тулд гурван жил шаардлагатай байдаг ч өсгөх орчноос хамаарч хурдан томорч байгаа. Энэ нь аюулгүй орчинд өсөж буйтай холбоотой гэж таамаглаж байна.
-Яагаад “Хата” гэдэг сагамхай загасыг сонгох болов?
-Энэхүү загас маань ховор бөгөөд арчилгаа их шаарддаг учраас Монголд өсөх боломжгүй байсан. Тиймээс судалгаа хийж байгаад ямартай ч оролдож үзэхээр болсон юм. Бас нэг онцлог гэвэл Япон, Солонгос, Хятадад "Хата" загасыг баяр ёслолын үеэр ихэвчлэн хэрэглэдэг. Бас тамирчид, сумочид шөл хийж уудаг биед их тустай загас гэж үздэг.
-ЯПОНЫ ДАЛАЙГААС АВЧ ИРСЭН БОЛОХООР ТЭР УСАНДАА Л АМЬДАРЧ ЧАДАХ УЧИР ХҮН АВЧ ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ-
-Далайн усны загасыг Монголын нөхцөлд хэрхэн амжилттай үржүүлсэн бэ гэдэг маш сонирхолтой санагдаж байна. Энэ талаар дурдвал?
-Тэгэлгүй яах вэ. Энэ ажилд их судалгаа орсон. Хөдөлмөрч их орсон. Манай “Китабулган ХХК” компани, Окаямагийн шинжлэх ухааны их сургууль хамтарч судалгаа хийсний үр дүнд шинэ ус гаргаж авсан. Тэр ус нь далайн загасны амьдрах орчныг бүрдүүлсэн ус байдаг. Яг энэ усан дотроо л “Хата” загас маань амжилттай өсөж байгаа юм.
-Тэгэхээр Хөвсгөл далайд ч юм уу. Хувь хүмүүс үржүүлэх гэж үзвэл болохгүй гэсэн үг үү?
-Тиймээ. Та бүхний мэдэж байгаачлан Японы далайгаас авч ирсэн болохоор тэр усандаа амьдарч чадна гэсэн үг. Тиймээс хувь хүмүүс авч өсгөх боломжгүй.
-Амжилттай өсөж байгаа учраас үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж ойлголоо. Тэгвэл цаашид загасаа зах зээлд гаргах уу? Юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Бид үйл ажиллагаагаа байгууллагуудтай хамтраад томруулахаар зэхэж байгаа. Томроод ирэхээр нь зах зээлд гаргаж иргэдэд хүргэнэ гэж бодож байна. Мөн манай загаснууд нэлээд том учраас яс нь бүдүүн. Ийм загасыг янзлах хүн олоход бэрхшээлтэй байдаг юм. Тиймээс бид загасаа зах зээлд нийлүүлэхэд худалдан авагч нарт “хүндрэлтэй байх болов уу” гэж бодсон учраас одоо худалдаалагдаж байгаа шиг нарийхан болгоод хэлбэрт оруулж худалдаанд гаргая гэж бодсон. Бас нөгөө талаас яг усан дотроос нь шинээр нь бэлтгэн нийлүүлэх төлөвлөгөө бас байгаа.
-“Хата” загасны амт чанарын хувьд?
-Энэ тал дээр бид судалгаа хийж эхлээд Япон, Солонгос, Америк Элчин Сайдын Яамнуудаар амталгаа хийлгэж, амт чанар нь ямар байгаа Монгол хүнд нийцэж байна уу гэдэг талаас нь судалсан байгаа. Энэ явцад Япон Элчин Сайдын Яам манай ажлыг үнэлж мэдээллийг маань бусдад түгээж өгсөн. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд бас бид удахгүй танилцуулах төлөвлөгөөтэй байгаа та бүхнийг өөрсдөө амталж үзээд иргэддээ мэдээлэл өгөх байх гэж бодож байна.
Дараа нь бид “Хата” загасаа зах дээлд гаргаж ресторануудтай гэрээ хийх эсвэл шууд хамтран ажиллаж чиглэлээр иргэдэд хүрч ажиллая гэж бодож байгаа. Харин чанар гэвэл манай загаснууд ямар нэгэн тарилга тариулдаггүй. Эрүүл аюулгүй орчинд өсөж байгаа болохоор далайд өсөж байгаа загаснуудаасаа илүү амттай байгаа гэдгийг онцолмоор байна. Та бүхэн маань заавал амсаж үзээрэй.
-Тэгэлгүй яах вэ. Бидэнтэй ярилцсан танд талархлаа.
-Бидэний энэхүү үйл ажиллагааг сонирхож зорьж ирсэн та бүхэнд баярлалаа.
Үргэлжлүүлэн бид Япон улсад загас судлаачаар суралцаж, ажиллаж байсан. “Хата” загасыг өсгөж үржүүлэх ажлыг биечлэн гүйцэтгэж буй далайн загасны мэргэжилтэн Б.Амартүвшинтэй ярилцаж үйл ажиллагааны талаар дэлгэрүүлэн асуусан юм.
-МОНГОЛД “ХАТА” ЗАГАС ӨСГӨЖ ЧАДСАН УЧРААС ДАРАА НЬ “УНАГИ” БОЛОН БУСАД СҮШИ, ХҮНСЭНД ХЭРЭГЛЭХ ЗАГАС ОРУУЛЖ ИРНЭ-
-Юуны түрүүнд гурван жилийн турш загаснуудаа тэжээж Монголд амжилттай үржүүлж чадсан сэтгэгдлийг тань сонсмоор санагдлаа. Багагүй хугацаа их хөдөлмөр шүү дээ.
-Тиймээ бид саяхан амжилттай өсгөж үржүүлснийхээ баярыг тэмдэглэж нээлт хийсэн байгаа. Сэтгэгдэл мэдээж маш сайхан байна. Миний анзаарснаар монголчууд “Сүши” буюу Япон хоол их иддэг болсон шүү дээ. Ингэхдээ Япон хоолыг дандаа экспортоор гадаадаас оруулан ирж, хуучин загаснууд иддэг байсан. Харин одоо яг үйлдвэрээсээ шинэ загаснууд идэх боломжтой болж байна.
-Одоо үржүүлж буй загасны хувьд арчилгаа гол анхаарах зүйлс нь юу байв? Түрүү далайд байгаа загаснаасаа илүү амттай байдаг гэсэн?
-Орчин өөр бүх зүйл анхных болохоор ажиглалт анхаарал хандуулах зүйл их байсан.
Онцлог гэх юм бол “Хата” загасыг гол нь стрессгүй маш тайван байлгах хэрэгтэй байдаг. Ер нь их сэтгэл хөдлөлтэй амьтан. Айж, стресстэй байлгавал мах нь хатуу бас амтгүй болдог. Тиймээс Монголд аюулгүй орчинд байгаа болохоор хурдан өсөж бас мах нь амттай байгаа юм.
-Ашиглаж буй тоног төхөөрөмж хоол тэжээлийн хувьд хаанаас авдаг вэ?
-Техник хэрэгслүүд болон хоол тэжээл бүгд Японоос орж ирдэг.
-Далайн загасыг Монголд амжилттай өгсөнө үржүүлж чадлаа шүү дээ. Цаашид өөр загас оруулж ирэх үү?
-Ямартай ч маш эмзэг “Хата” загасаа өсгөж чадсан болохоор дараа нь “Унаги” болон бусад сүши, хүнсэнд хэрэглэгддэг загаснуудыг авч ирж өсгөх төлөвлөгөө байгаа.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
-Та бүхэнд бас баярлалаа. Амжилт
Ташрамд дурдахад, Монголчууд бид үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй зөвхөн импортоор амьдарч ирсэн. Зөвхөн мах болон нүүрс гэх бүтээгдэхүүний экспортоор эдийн засаг нь хэмжигддэг. Тиймээс эдийн засагт хувь нэмэр оруулах бодит ажлыг дотооддоо эхлүүлж чадсан нь үнэхээр том дэвшил юм. Мөн бид улаан мах идэж амьдардаг ард түмэн. Харин эрүүл мэндийн байгууллагын зүгээс улаан махны зэрэгцээ цагаан мах идэхийг зөвлөдөг. Энэ нь цус шингэн байх зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг юм. Иймд монголчууд дотооддоо цагаан мах болох загасыг үржүүлж худалдаанд гаргах гэж буй нь баяр хүргэх үйл явдал мөнөөсөө мөн билээ.