Орон нутгийн автомашинаас татвар авч, даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх саналыг Д.Сумъяабазар гаргажээ

Орон нутгийн автомашинаас татвар авч, даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх саналыг Д.Сумъяабазар гаргажээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын гаргасан саналыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл энэ удаад авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд авто замын талаар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ гэдэг мэдээллийг хүргэж байна.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахын тулд хотын дарга Д.Сумъяабазар “Үзлэг оношилгоонд ороогүй, татвар, торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох, нийслэл хотод импортоор орж ирж буй шатахуунд ногдуулах татварыг нэмэгдүүлэх” зэрэг нэлээд олон санал гаргажээ.

ТОДРУУЛБАЛ:

  • Ачаа урсгалын судалгааг хийж, хотын доторх хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлэх,
  • Их, Бага тойруугаар өдрийн цагаар их даацын ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Үзлэг оношилгоонд ороогүй, татвар, торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох,
  • Зорчигч, ачаа эргэлтийн хэрэгцээ шаардлагыг харгалзан зарим нэгэн гудамж замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох,
  • Их, Бага тойруугийн бүсэд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд ялгавартай татварын систем нэвтрүүлэх,
  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтрэхэд татвар ногдуулах систем нэвтрүүлэх, тэдгээрийн зорчих хөдөлгөөнд зохицуулалт хийх, хяналт тавих,
  • Хөдөлгөөний хяналтын удирдлагын систем нэвтрүүлэх,
  • Бага тойруугийн бүсэд нийтийн тээврээр үнэгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэжээ.

Мөн нийслэл хотод импортоор орж ирж буй шатахуунд ногдуулах татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн насжилт өндөртэй, бохирдолт ихтэй тээврийн хэрэгслийн татвар хураамжийг нэмэгдүүлж нийслэлд төвлөрүүлэх, хуучин тээврийн хэрэгслийн борлуулалтын худалдааны татварыг бий болгох, бүсчлэлийн татварыг бий болгож санд төвлөрүүлэх, автозамын төлбөр хураах үйл ажиллагааг цахимжуулж шуурхай боловсронгуй болгох зэрэг саналыг гаргасан байна.

Үргэлжлэл бий.