Б.Дөлгөөн: Шүдний өвчлөл нь хүндэрч идээ нь хүзүү, цээж рүүгээ орсноос жилд 1-3 хүн нас бардаг

Б.Дөлгөөн: Шүдний өвчлөл нь хүндэрч идээ нь хүзүү, цээж рүүгээ орсноос жилд 1-3 хүн нас бардаг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн дагалдан эмч, АУ-ны доктор Б.Дөлгөөнтэй Монгол улсад тулгамдаж буй асуудлуудын нэг болох эрүү нүүр орчмын буглаа нэвчээс, амны хөндийн нян бактери хэрхэн үрэвсэл үүсгэж улмаар амь насанд хүрдэг талаар ярилцлаа.

ЭРҮҮЛ ХҮНИЙ АМНЫ ХӨНДИЙД САЙН МУУ 5-6 ТЭРБУМ БАКТЕРИ АМЬДАРЧ БАЙДГААС, МУУ БАКТЕРИЙН ТОО ӨСӨХӨД ШҮД ЦООРЧ, ҮРЭВСЭЛ ҮҮСДЭГ

-Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Та юуны өмнө уншигдад маань өөрийн боловсрол, мэргэжлийн талаар танилцуулна уу?

-Намайг Дөлгөөн гэдэг. Би эрүү нүүрний мэс заслын эмч мэргэжилтэй. Болловсролын хувьд, 2007 онд Кубын Гавана хотын Анагаахын сургуульд шүдний эмчээр сурч төгссөн.2013 онд АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлгийг авч магистраа хамгаалсан. Мөн 2018 онд буюу саяхан Токиогийн Анагаахын их сургуульд мэргэжлээрээ Анагаах Ухааны Докторын зэрэг хамгаалаад ирсэн. Ажлын туршлагын хувьд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр Амны Мэс Заслын тэнхимд багш эмчээр ажиллаж байсан. Одоо Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт дагалдан эмчийн албан тушаалтай ажиллаж байна.

-Өнөөдөр бид хоёр шүдний өвчлөлийн талаар дэлгэрэнгүй ярилцахаар товлосон. Юуны өмнө шүд юунаас өвчилж эхэлдэг, яагаад өвддөг тухай тайлбарлавал?

-Амны хөндий бол чийгтэй, нойтон, далд, харанхуй орчин. Эрүүл хүний амны хөндийд дунджаар сайн муу 5-6 тэрбум бакетери хоорондоо зохицон амьдарч байдаг. Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалж тэр бактерийн тооны харьцаа өөрчлөгддөг. Амны хөндийн эрүүл ахуй муу бол өвчин үүсгэдэг муу байктери давамгайлж хүчтэй болдог.Тиймээс энгийн хүмүүст үргэлж амны хөндийгөө эрүүл байлга, шүдээ сайн угаа гэж зөвөлдөг. Муу нян бактерууд өссөний улмаас шүдний цоорол, тулгуур эдийн үрэвсэл зэрэг олон асуудлууд үүсдэг. Тэр үед нь шүдний эмчид хандаж эмчлүүлэх ёстой болдог.

-Шүд өвчилж эхэлсэн эхний шинж тэмдгүүд юу вэ? Хүмүүс өвчлөл гэхээр цоорох эсвэл харласан, цагаарсан байгааг л ойлгодог.

-Шүдний цоорол хэзээ, хаана, яаж эхэлсэн гэдгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Цоорлын гаднах үзэмж буюу цагаан эсвэл хар толбо үүссэн, шарласан, өнгөр тогтсон, хэр том цоорхой үүссэн гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч болно. Зарим шүд гаднаа эрүүл мэт боловч нүдэнд харагдахааргүй бичил цооролтой, дотогшоо маш том цоорол үүссэн байдаг. Зарим нь эсрэгээрээ шууд харахад бүрэн бүтэн байдлаа алдсан харлаж харагддаг. Үүнийг сайн бэлтгэгдсэн шүдний эмч нар үзэж, харж, хүрч байж оношилдог онцлогтой өвчин. Тиймээс жилдээ дор хаяж 2 удаа шүдний эмчид үзүүлэхийг зөвлөдөг.  

Шүднээс гадна хэл, буйл, тагнай, тулгуур эд амны хөндийд бий. Шүд буйл хоерын хооронд зай завсар байдаг. Тэр зай завсарт нян бактери хуримтлагддаг. Амны хөндийн эрүүл ахуйгаас шалтгаалаад тэр зайн дотор хэтэрхийи их нян бактери үржсэнээс болж тулгуур эдийн үрэвсэл цаашлаад ясны шимэгдэл гэх мэт эмгэг үүсдэг. Нэгэнт шимэгдсэн яс буцаж ургадаггүй, эдгэдэггүй, тэгээд шүд нь хөдөлгөөнд ороод унадаг,  ер нь хүсээд байхаар өвчин биш. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж цаг тухайд нь оношлуулсанаар, эмчлэгдэх боломжтой байдаг.

Шүдний цоорлоос гадуур шалтгаанууд бас байдаг. Гүн цооролтой, үрэвсэлтэй шүдээ шууд авахуулаад тэр нь үрэвсээд идээ нэвчиснээс болсон тохиолдлууд багагүй гардаг. Мөн авахуулах заалттай бүтэн гараагүй агт араагаа авуулаагүйгээс буйл нь үрэвсэж идээт үрэвсэл үүсэх тохиолдлууд багагүй гарж байгаа тул эмчтэйгээ сайн зөвлөлдөж оновчтой эмчилгээг цаг тухайд нь хийлгэж байхыг зөвлөж байна.

-Шүдний өвчлөл хүндрэх гол шалтгаанууд юу байдаг вэ?

-Миний яриад буй нян бактериуд нүдэнд харагдахгүй, гаранд баригдахгүй биш юм. Энгийн хүний хувьд орой шүдээ угаахгүй унтаж, өглөө босоод шүднийхээ гадаргууг хумсаараа хусаад үзвэл цагаан өнгөр гарна. Нөгөө шүдэнд наалдсан бичил нян бактериудад таатай орчин үүсэж үржсээр байгаад биетэй болох хэмжээнд хүрсэн байна гэсэн үг. Тийм болохоор бид шүдний сойз ашиглан механикаар үрж, угааж, арилгаж байгаа юм. Өдөр бүр шүдээ угаагаад байвал нян бактерид үржих боломж гардаггүй, тэр өнгөр ч тогтдоггүй. Дутуу угааснаас тэр өнгөр тогтдог, тэгээд цаашаа чулуужиж, бидний яриад буй цоорол, үрэвсэл үүсч байгаа юм. үмүүс завгүй гэсэн шалтгаанаар шүдний эмчид ханддаггүй. Өвдөхөөрөө дураараа өвчин намдаах эм, антибиотик болон янз бүрийн эм ууж даамжруулдаг. Гэтэл өвчин нь түр зуур л намдаад гол голомт нь улам хүндэрдэг. Хоёрдугаарт гэр ахуйн аргаар халуун, хүйтэн жин тавих нь маш буруу. Жин тавьснаар үрэвслийг улам хурдасгаж, хүндрүүлдэг. Мөн шээс болон янз бүрийн юмаар амаа зайлдаг хүмүүс их байна. Ингэлээ гээд өвчин эдгэхгүй. Нэг өвчтөн тэмээний шээсээр амаа зайлснаар шүднүүд нь бутарч унасан тохиолдол гарч байсан. Мөн янз бүрийн өмхий тос, шүдний оо түрхэж байна. Энэ бүх аргууд өвчнийг нь эдгээх бус улам хүндрүүлэх шалтгаан болж байна  

ШҮД ЦООРЧ, МЭДРЭЛИЙН ЭС ҮХЭЖ, ТЭРНЭЭС ҮҮССЭН НЯН БАКТЕРИ НЬ ЁЗООРЫН СУВГААР ДАМЖИН ЯС РУУ ОРЖ, ЯСАА ИДЭЖ ИДЭЭЛЖ БУГЛАДАГ

-Хиймэл шүд хэрэглэх болсон хүмүүс үлдсэн шүднүүдээ угаах нь багасах тохиолдол их ажиглагддаг. Тийм хүмүүс танай эмнэлэгт хандах нь их үү?

-Хиймэл шүдтэй хүмүүс манайд их ханддаг гэж хэлэхэд хэцүү. Тийм тоо баримт одоогоор алга байна. Энэ бол тухайн хүний зан үйл, хэвшсэн байдал, амны хөндийг хэр эрүүл байлгаж байна, хэр зөв угааж байна гэдгээс л хамаарч буй тул насаар нь эсвэл, шүдэлбэртэй шүдэлбэргүй гэдгээр нь хуваахаар өрөөсгөл болох байх. Шүдэлбэртэй хүмүүсийн хувьд нэг ажил нэмэгдэж буй нь амны хөндийгөөс гадна хиймэл шүдээ угааж арчлах юм. Тэр ажлаа хэр сайн хийх вэ гэдэг бас тусдаа асуудал болох байх.

-Шүдний өвчин нь хүндэрснээс мэс ажилбарт орж буй иргэд энэ тасгаар их харагдаж байна. Яагаад эрүү, хүзүүгээ нээлгэх хэмжээнд ийм болж үрэвсдэг тухай нарийн тайлбарлаж өгөхгүй юу?

- Шүдэндээ гүн цооролтой эсвэл тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүс цаг хугацаанд нь эмчлүүлээгүйгээс болж хамаг асуудал үүсэж байна. Үүнийг бид шүдний гаралтай эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчин гэж нэрлэдэг. Шүдний гүн цоорлыг үүсгэж буй бактери нь мэдрэлд хүрэхээр, мэдрэл үхэждэг. Мэдрэлийн эд эс үхэжсэнээр, нян бактерийн тоо улам өсөж, улам хортой болж, доошоо ёзоороор яс руугаа цаашаа гадагшилдаг. Ахин талбайрлавал, мэдрэлийн үхэжсэн эсүүд тэр дотроо үржсээр шүднээсээ хальж, ёзоороор дамжин яс руу ордог гэсэн үг. Ясны эд эсийг идэж, үхжүүлж тэр дотор ахин үржсээр ясаа идэж эхэлнэ. Ингээд ясны хальны үрэвсэл, ясны үхжилт үрэвсэл гэх мэт эрүү нүүр орчмын идээт үрэвсэлт өвчнүүд үүсдэг. Мөн цаашаа ясаа цоолж, зөөлөн эд рүүгээ нэвтрэн гарж, ойр хавийн булчингуудын хоорондох зай бий болгодог дахиад үрэвсүүлээд явчихна. Үүнийг бид хамгийн амь насанд аюултай идээт буглаа нэвчээс гэж нэрлэдэг.    

-Үүнийг мэс заслын аргаар хэрхэн авах вэ?

- Ямар үе шатанд явж байгаагаас хамаарч эмчилгээ өөр байна. Эхэлж буй явцад нь аль болох эмийн эмчилгээ явуулж байгаад хутга хүргэлгүй шийдэхийг хичээдэг. Харин яах аргагүй идээ үүссэн бол мэс заслын аргаар идээг гадагшлуулж дээрээс нь эмийн эмчилгээ явна. Идээ гэдэг биед маш хортой учир гадагшлуулахаас өөр аргагүй, биед байх тусам үрждэг томордог, биеийн ерөнхий байдлыг дордуулдаг. Тиймээс эрт ирсэн бол бид хэсгийн мэдээ алдуулалт, харин хүнд өвчтөнд бол ерөнхий мэдээ алдуулалт дор унтуулж байгаад зүслэг хийж идээг гадагшлуулна. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байдаг, хоол унд идэж ууж чадахгүй, унтаж хэвтэж чадахгүй, зүгээр байж бас чадахгүй, хөдөлж чадахгүй, маш их өвддөг, үнэхээр хэцүү. Зүслэг хийсний дараа тэр өвчтөнд нэлээд хүчтэй эмийн эмчилгээ явуулж, нэлээд олон хоног манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байж гардаг.

Сүүлийн хэдэн жилйин тоог харахад жилдээ манай эмнэлэгт ирж эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо дунджаар 3000 байдаг байсан бол одоо 4000 хүртэл өвчтөн ирэх болж. Хүйсээр нь харвал эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс илүү, насны хувьд 25-40 насны орчим буюу ид залуу, ажиллаж хөдөлмөрлөх насны хүмүүс илүү өвдөж байгаа нь харагдаж байна.

ӨВДӨЖ БАЙХАД НЬ ӨВЧИН НАМДААХ ЭМ УУГААД “ГАЙГҮЙ БОЛЧИХЛОО” ГЭЖ БОДОХ ҮЕД ЭСРЭГЭЭРЭЭ ИЛҮҮ ХҮНДЭРЧ БАЙДАГ

-Идээ буглаа гэнэт бий болно гэж байх уу? Хөдөө орон нутагт ийм байдалд орсон хүмүүс нийслэл рүү, зөвхөн энэ эмнэлэг, тасагт ирэх боломжтой байдаг гэж сонссон.

-Өвдөлт өгнө гэдэг тухайн эрхтэний бүрэн бүтэн байдал алдагдсан, үйл ажиллагаанд нь саад бэрхшээл тохиолдсон гэсэн үг юм. Тухайн эрхтэн тархи руу “Энд нэг асуудал үүсээд байна шүү, эсвэл үүсэх гээд байна шүү” гэдэг сигнал явуулж буй нь тэр. Тэр сигнал нь өвдөлт юм. Хэрэв таны шүд өвдөж байгаа л бол тэр даруйд нь эсвэл тун удалгүй эмчид ханд хэрэгтэй. Нарийн мэргэжлийн эмчид нь үзүүлээд юуны улмаас тэр өвдөлт үүссэн гэдгийг олж мэдэж байж л асуудлаас сэргийлж чадна. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ, өвдөж байгаа мөртлөө ажлаа хийж яваад, өвчин намдаах эсвэл антибиотик эм ууж өвчнөө намдаад ирэхээр “Асуудалгүй болчихлоо” гээд тэр чигт нь хаядаг. Гэтэл яг тэр үед эсрэгээрээ өвчин нь жинхэнэ хүндэрч буй процесс юм. Аливаа өвчнийг огт зүгээр орхиж болохгүй, ялангуяа шүд өвдөж л байвал ямар нэг асуудал бий боллоо л гэж ойлго. Таны шүд таниас туслалцаа хүсэж байна гэж бод. Ийм үед нь эмчид үзүүлээд явбал асуудал үүсэхгүй. Харин бид хоёрын дээр ярьсан хүндрэлүүд бол ямарваа нэгэн арга хэмжээ авахгүйгээр тэр чигт нь хаясан, магадгүй нэг бус удаа, нэг сар, нэг жил явсаар, байж болох хамгийн муу цэгт нь хүрээд хүндрээд ирж байгаа асуудал юм. Шүд гэдэг гэнэт идээлээд, гэнэт хавдаад эхэлдэг юм биш. Харамсалтай нь ихэнх нь хүмүүс “Зүв зүгээр байж байтал ингэчихлээ” гэсээр орж ирдэг.

-Идээ буглаа тарна гэхээр хүмүүс тэр бүр сайн төсөөлж чадахгүй байж болох юм. Хүзүү, эрүү орчимд л идээтэй болохыг хэлж буй биз?

-Тийм. Үрэвсэл шүднээсээ хальж, ёзоороор дамжин яс руу орж, эрүүний яснаас гадагшилж зөөлөн эдрүү орж, тэндээ нэвчээс үүсгэж, хавдаж, улайгаад цааш ам ангайлт хязгаарлагдаж, толгойгоо хөдөлгөж чадахгүй, халуурч, амьсгалын зам боогдох гэх мэтээр хүндэрдэг.

Тоо статистикыг харвал жилд 3000 хүн хэсгийн мэдээ алдуулалттай зүслэг хийлгэн идээгээ авахуулж байгаа бол унтуулж буй хүмүүс 300 орчим байгаа. Тэр 300 хүний амь насанд аюултай тул яаралтайгаар тасагтаа хэвтүүлж, унтуулж, нэлээд том зүслэгүүд ордог. Энэ хүмүүсийн ихэнх нь эмчлүүлээд 10-15 хоногийн дараа гараад явдаг. Цаг алдаад, бүүр хүндрээд идээ нь хүзүү рүүгээ цаашаагаа цээжний хөндий рүүгээ ордог, тийм үед амь насанд нь аюултай болсон хүмүүс жилд 4-6 ирдэг. Монгол улсад энэ өвчнөөс болж жилд 1-3 хүн нас бардаг.

-Хүндрэхэд хүрвэл хэр хурдан хугацаанд хүндэрдэг вэ? Тухайлбал, хөдөө орон нутгаас яаралтайгаар зорьж ирж буй хүмүүс оройтох тохиолдол бий юу?

-Хавдаад ирвэл хэдхэн цагийн дотор асуудал болдог. Хүн бүрийн онцлог гэж бий. Тухайн хүний биеийн байдал, дархлаа, тухайн үүсгэгч нян бактерийн онцлог зэргээс шалтгаалдаг. Зүв зүгээр хоёр хөлөөрөө явж байсан хүн хэдэн цагийн дотор амь насаа алддаг. Амь насанд маш аюултай, аль болох хурдан эмнэлэгт хандах хэрэгтэй. Манай эмнэлэг улсын хэмжээнд 21 аймгийн бүх эмнэлгээс яг энэ өвчтэй хүнд өвчтөнүүд хүлээж авдаг. Зарим аймгуудад эрүү нүүрний мэс заслын эмчийн орон тоо байдаг, эмч нартай аймгуудаас арай бага ирдэг. Харамсалтай нь заримд нь байдаггүй, бм лав хувьдаа аймаг бүрт ядаж нэг эрүү нүүрний мэс заслын эмчтэй болох хэрэгтэй гэж боддог. Үүний талаар бид одоогоор судалгаа хийж байгаа. Учир нь аль болох мэргэжлийн эмчид эрт хандаж зөв оновчтой эмчилгээг эртхэн эхлүүлэх нь өвчтөний амь насанд нөлөөлдөг учраас тэр. Гэхдээ хамгийн сонирхолтой нь орон нутгаас хотын оршин суугч нар илүү их ирдэг, яагаад гэхээр дүүргийн эмнэлэгүүдэд эрүү нүүрний мэс засалч байдаггүй. Энэ талаар бас судлах хэрэгтэй л байх.

МАНАЙХАН ЦООРХОЙ ШҮДТЭЙГЭЭ МЭДСЭЭР
БАЙЖ ЭМЧИД ОЧДОГГҮЙ

-Хөдөө орон нутагт энэ мэргэжлийн эмчийн орон тоо байдаг бол статистик буурч магадгүй гэж хэлж байна. Гэвч хамгийн гол өвчлөл бууруулах зүйл бол иргэдийн хичээл зүтгэл, ариун цэвэрч байдал. Тийм ч учраас та үүнийг “арчаагүйн өвчин” гэж хатуухан хэлсэн байсан. Эмч хүний хувьд, өдөр бүр ийм хүмүүстэй харилцдаг хүний хувьд бусдад өгөх зөвөлгөө юу вэ?

-Нэг өвдөөд хагалгаанд орж, энэ өвчнийг мэдчихсэн хүн дахиж ирдэггүй. Магадгүй хаширдаг байх. Тухайн хүний өөрийнх нь соёл, зан үйлд их эерэгээр нөлөөлдөг байх. Хамгийн эхэнд амны хөндийн эрүүл ахуйг хамгийн сайн, хамгийн өндөр зэрэглэлээр хамгаалж шүдээ сайн угааж бай. Хүн л юм чинь хааяа шүд өвдөх тохиол байлгүй яахав, бид ч, би ч хааяа өвдөнө. Гэхдээ шүд өвдсөн даруйд, ямарваа нэг шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид очиж бай. Гэтэл манайхан цоорхой шүдтэй гэдгээ мэдсээр байж л очдоггүй. Ийм л зан үйлүүд буглаа нэвчээсийн шалтгаан болоод байгаа шүү. Шүдний асуудал анхаардаг хотын бүх дүүргүүдэд эмнэлэг бий, тэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Хэрэв боломжтой бол хувийн эмнэлгүүдэд ч үзүүлж болно. Шүдний төв ч гэж бий. Эрүүл ахуйгаа сайн сахиж чадахгүйгээс ихэнх өвчлөл бий болдог шүү. Эрүүл ахуйгаа сахиж байгаа ч шүдний цоорлоор өвчилж буй иргэд маань шүдний эмчтэйгээ байнга зөвлөлдөж, эмчилгээ авч явах ёстой байдаг.

-Статистикын хувьд 3000 байснаа 4000 болж өссөн тухай хэлж байна. Нийгэм улам хөгжсөөр байтал ийнхүү өсөх болсон шалтгааныг та юутай холбож тайлбарлах вэ?

-Яах аргагүй шүдний гаралтай үрэвсэлт өвчлөлүүд ихсээд байна. Тэгэхээр энэ өвчлөлийг бид тоон дээр баримттай цуглуулж, судалгаа хийж байгаа. Хамгийн сүүлийн датан дээр үндэслэн ярьж буй нь “2016 онд 3000 байснаа 2018 онд 4000” болчихоод байна. Их сонин сонин зүйлс бидэнд харагддаг. Ялангуяа залуу хүмүүс гаднах төрхөндөө их анхаарч, гаднах хувцас цэвэрхэн дэгжин, ганган, үнэтэй утас барьдаг мөртлөө амаа ангайхад нь эрүүл ахуй нь муу, муухай үнэр үнэртсэн, шүд нь олон цооролтой, үнэхээр гайхмаар, үнэхээр арчаагүй гэж хэлж болох хүмүүс ирдэг. Тиймээс залууст хэлэхэд, мэдээж гаднах үзэмжиндээ анхааралгүй яахав, гэхдээ амны хөндийн эрүүл ахуйдаа гаднах төрх шигээ анхаарч байгаарай. Мөн настайвтар, амьдралын боломж, цалин хөлс муутай хүмүүс байна аа, байна. Тийм хүмүүс нэг талаар боломжгүй дээ, нөгөө талаар мэдэхгүй, боловсрол дутуудаа ийм өвчлөлд өртөөд байгаа нь харагддаг. Ийм тохиолдолд эрүүл мэндийн боловсрол олгож, сайтар зөвөлгөө өгөөд, анхааруулаад явдаг. Та бүхний хийж буй шиг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл өгвөл магадгүй энэ тоо буурах юм болов уу гэх бодолтой, горьдлоготой таньтай ярилцаж байна, мөн өөрийн цахим сүлжээнд ч бас бичвэр бичиж оруулсан нь тэр юм.

-Өвчлөлийг бүсчлэлээр гаргасан судалгаа бий юу?

-Судалгаан дээр яг одоо би сууж байгаа. Бэлэн болохоор нь мэргэжил нэгтэй эмч нартайгаа хуралдаж санал бодлоо хуваалцаж, зөвлөлдөж энэ асуудлыг бууруулах бодлогын чанартай зөвлөмж гарах боловуу гэж найдаж байна.

-Уншигчдад үнэтэй зөвөлгөө өгсөн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Миний анзаарч буйгаар Монгол хүмүүст өнөөдрийн нийгэмд болохгүй байгаа, анхаарлыг нь сарниулах болсон их олон асуудал бий. Ажилгүдэл, цалин хөлс, нийгэм эдийн засгийн байдал, долларын ханш, улс төр гэх мэт, хулгай зэлгий, хэрүүл маргаан гэх мэт. Энэ бүгдийг үл ойшоо гээгүй. Энэ бүх юмны хажуугаар хувь хүн та өөрөө л хичээж өөрийгөө эрүүл авч явж чадна гэдгийг сануулмаар байна. Эрүүл мэнд гэдэг бол бидэнд буй хамгийн нандин эрдэнэ гэдгийг эмчийн хувьд таньд сануулах үүргэтэй юм. Эдийн засгийн байдал сайн муу ямар ч бай, таван жилийн дараа эрүүл байж байвал та өөрөө л хожино. Тиймээс хүн бүр дор дороо өөрийн хийж чадах бүхнээ хийж, аль болох эрүүл байхын төлөө хичээгээрэй гэж хичээнгүйлэн захиж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД