ВИДЕО: Улаанбаатарт ганц өдөрт орсон цасны улмаас халтирч, явганаас унаж гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д очжээ

ВИДЕО: Улаанбаатарт ганц өдөрт орсон цасны улмаас халтирч, явганаас унаж гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д очжээ

Нийслэл хотод өнгөрсөн ням гараг /2022.10.30/-т орсон цасны улмаас гэмтэл согог судлалын үндэсний төвд явганаас унаж гэмтсэн 102 хүн иржээ. Мөн өчигдөр /2022.10.31/-ийн байдлаар ГССҮТ халтиргаа гулгаанаас үүдэж унаж гэмтсэн иргэдийн дараалалд  дарагдсан байлаа. Тэдгээр иргэдийн дийлэнх нь ахмад настан, хүүхдүүд байсан юм. Иймд бид тус иргэдээс гэмтлийн шалтгааныг тодруулахад ихэвчлэн халтиргаа гулгаа ихтэй зам талбайд унаж бэртсэн гэлээ.

ВИДЕО: 

Тухайлбал, ГССҮТ-ын хэвлэл мэдээллийн ажилтан н.Наранжаргалаас бид утсаар явганаас гэмтэл авсан иргэдийн талаар тодруулахад аравдугаар сарын 30 өдрийн цаснаас үүдэж халтирч гэмтсэн иргэдийн тоо одоогоор 102 гэж бүртгэгдээд байна. Бид ангилан үзэж гэмтлийн нарийвчлан тогтоож амжаагүй байна. Бэртэл авсан иргэд нэмэгдэж ирсээр байна гэсэн юм.

ГССҮТ-Д ОЧСОН ЯВГАНААС УНАЖ ГЭМТЭЛ АВСАН ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ ХҮҮХЭД, АХМАД НАСТНУУД БАЙНА

Тиймээс бид энэ талаар сурвалжлахаар ГССҮТ-д очиход хүлээн авах хэсэг болон үзлэгийн өрөөнүүд иргэдийг дараалалд дарагдсан. Ялангуяа явганаас гэмтэл авсан иргэдийн үзүүлэх номер авах дараалал урт үргэлжилсэн байлаа. Энд таарсан иргэдийн дийлэнх нь  гар, хөл, нуруундаа бэртэл авсан харагдав. Мөн эдгээр иргэдийн дотор бага ангийн хүүхэд, дунд ангийн хүүхэд, ахмад настнууд нэлээдгүй харагдлаа. Улмаар тэднээс гэмтлийн шалтгааны талаар тодруулав. 

Явганаас унаж бэртсэн иргэдийн яриа: 

Бага ангийн охиноо дагуулсан ээж "Охин маань зам дээр халтирч хөлөө бэртээсэн. Гишгэж чадахгүй зовуурьтай байсан учир ирж үзүүлэхэд яс нь хугарсан байна гэсэн анхны оноштойгоор дараагийн үзлэгтээ орохоор хүлээж байна" гэсэн юм. Охин нэлээд зовуурьтай харагдаж бөгөөд түүний хөлийг дээш сойсон байлаа. 

Өглөөнөөс үдийн гурван цаг хүртэл дараалалд хүлээж гараа гипсдүүлсэн настан "Нимгэн цастай зам харагдахаар нь явсан гөлгөр гадаргуутай халтиргаа ихтэй зам байж таараад гараа хугалсан байдалтай ирсэн. Дараалал их байгаа тул зовиур ихтэй байгаач хүлээгээд сууж байна. Өглөөнөөс хойш энүүгээр ирж байгаа иргэдийн ихэнх нь явганаас унаж гэмтсэн хүмүүс байлаа. Гадуур зам мөстэй бас гулгахаар гөлгөр гадаргуутай болохоор бид байтугай залуу хүүхдүүд явахад ч хүндрэлтэй байна лээ" гэсэн юм. 

Дээрх гэмтэлтэй иргэдийн дунд орон дээр хэвтэн хүлээх, тэргэнцэр дээр түрүүлэн явах, гар, хөл, цээжээ боолгосон хүнд зовуурьтай иргэн цөөнгүй байв. 

Ийнхүү зөвхөн нэг өдрийн дотор явганаас унаж бэртсэн хүмүүсийн тоо зуу давж одоо ч нэмэгдсээр байгаа гэх. Гэтэл өнгөрсөн ням гараг /2022.10.30/-т орсон цас энэ оны анхны цас байсан. Цаашид ч энэ мэт цастай халтиргаа гулгаа ихтэй өдрүүд үргэлжилнэ. Тиймээс анхааруулж, урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байж болзошгүй хүчин зүйлсийн талаар мэдээлэл бэлтгэсэн юм. Энэхүү шалтгаануудыг нэг нь улирлын зохицуулалтгүй зам талбай.

Жишээ дурдвал, Улаанбаатар хотын төв болон зарим нэг хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад байрлах гантиг тавцангаар хийсэн гөлгөр замууд юм. Хамгийн ноцтой нь уг зам явган зорчигчийн гэрлэн дохионы хэсэгт өгсүүр байгаа нь иргэд халтирч бэртэх, машинд хөлөө хавчуулах гэхчлэн өндөр эрсдэл үүсгэж буй хамгийн халтиргаатай осолтой хэсгүүдийг нэг аж. Угтаа бол энэ замыг хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулж ийнхүү өгсүүр болгон тохижуулсан нь зөв ч гөлгөр гадаргуу нь монгол орны уур амьсгалд тохирсонгүй. Яг энэ гөлгөр гадаргуутай гантиг замын талаарх иргэдийн гомдол жил бүр яригддаг ч одоог хүртэл засвар шинэчлэлт хийгээгүй хэвээр байна. 

Гөлгөр гадаргуутай гантиг хавтангаар хийсэн зам

ГӨЛГӨР ГАДАРГУУТАЙ ГАНТИГ ЗАМЫН ТАЛААРХ ГОМДОЛ ЖИЛ БҮР ЯРИГДДАГ Ч ОДООГ ХҮРТЭЛ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТ ХИЙГЭЭГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Харин Нью-Йорк хотын захиргаанаас явган хүний замаар явж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс байнга засвар хийж, иргэдийн санаа бодлыг авч судалгаа явуулж хэтийн төлөвлөгөөндөө тусгадаг аж. Тухайлбал, дээр дурдсан гантиг хавтан бүхий гөлгөр замын халтиргаа гулгааг зохицуулахын тулд Нью-йорк хотод арзгар хавтанг ашигладаг байна. Гэхдээ манайх ч мөн адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам дээр халтиргаа үүсгэхгүйн тулд наалт наадаг ч тэр нь жил бололгүй хуурч унадаг байна. 

Түүнчлэн одоогоос 10 орчим жилийн өмнө буюу 2013 онд явган хүний гөлгөр замыг монголын цаг уурт тохируулан засах тухай шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллагуудаас гаргасан байдаг. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.  Мөн 2020 онд Улаанбаатар хотод мөрдөх явган хүний замын стандартыг баталсан.

Гэвч дээрх зөвлөмж, замын стандарт өнөөдөр ч хөрсөн дээр бүрэн буусангүй. Тиймээс иргэд анхны цаснаар гантиг гэх ганган нэртэй зам дээр халтирч унаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа юм.  Мөн явган хүний стандарт бус замаас үүдэж бэртэж гэмтсэн иргэд хэнээс хаанаас хохирлоо барагдуулахаа мэдэхгүй, арга барахдаа хүндээ ээлгүй хотод амьдарч буйдаа гомдож сууна.

Улаанбаатар хотын гудмаар явах иргэдийн яриа: 

Баянбүрд орчимд явган зорчих настан "Энэ хавийн зам арай гайгүй байна. Ядаж гадаргуу нь хатуу юм. Тэр гантиг гэх гөлгөр замуудын халтиргаа бол аймар байна. Одоо энэ талбай тойроод, тавдугаар сургуулийн урд тал гээд дандаа нөгөөх гөлгөр зам би сая энэ газруудаар алхаж ирлээ. Арай гэж л унахгүй гарч ирлээ. Энэ балай замаа солих хэрэгтэй шүү дээ" хэмээлээ. 

100 айл орчимд зорчих эмэгтэй "Замд зарим байгууллагуудын жижүүрүүд гадаах цасаа цэвэрлэсэн байна. Харин зарим нь цэвэрлээгүй нөгөөх нь хайлаад буцаж хөлдөөд мөс болоод явахад нэлээд хүндрэлтэй байлаа" гэв. 

Дөлгөөн нуур орчимд сурагчдын замын хөдөлгөөнийг зохицуулж буй эцэг эхийн төлөөлөл "Хүүхдүүдийн явж байгаа энэ гарч өглөө өдөртөө халтиргаа ихтэй байна. Орой энэ замын цасыг цэвэрлэсэн байна. Хүүхдүүд халтирах хамгийн осолтой хэсэг зам гараад явган хүний замд нийлэх хэсэг байна" гэсэн юм. 

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХАЛТИРЧ ГЭМТСЭН ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ОЛОХ БАЙСАН ОРЛОГО ЗЭРЭГ БҮХ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ТУХАЙН БАЙГУУЛЛАГА ХАРИУЦАХ ЁСТОЙ

Түүнчлэн Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэх үүрэгтэй хүлээдэг. Гэвч зарим хариуцлагагүй албан байгууллага, иргэдээс болж дээрх гэмтлийн тоо нэмэгдсээр байна. 

Аж Ахуйн нэгжүүдийн цасаа цэвэрлэсэн байдал 2022.10.31

 

Сонирхуулахад, Байгууллага, аж ахуйн эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гарвал гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах ёстой юм. Тиймээс эхний ээлжид хохирлоо тухайн иргэн, байгууллагад хандан шаардах нь зүйтэй бөгөөд тухайн иргэн, байгууллага уг хохирлыг сайн дураар барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах шаардлагатай. Хуулийн заалтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Харин бусад талбайн цэвэрлэгээний хувьд Эрүүл ахуйн тухай хуулийн 11–р зүйлд заасны дагуу Нийслэлийн засаг даргын хүлээсэн үүрэгт хамаарна гэж зохицуулжээ. Иймд иргэд зам талбайн буруу зохицуулалтаас үүдэж гэмтсэн бол мөн уг хохирлоо барагдуулж болох юм. Өөрөөр хэлбэл Эрүүл ахуйн тухай хууль нь “... хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах ...” зорилт бүхий хууль бөгөөд хуулийн 11.1.1, 11.1.6 – д заасны дагуу Нийслэлийн засаг дарга аюулгүй орчин, нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах арга хэмжээ авах үүрэг хүлээх ёстой.

Иймд Сүхбаатарын талбай, Төрийн ордны баруун, зүүн талын болон МУИС-ийн номын сангийн өмнөх замд буюу гялгар чулуун хавтантай газруудад халтирч унан бэртсэн иргэд дээр тайлбарласан үндэслэл, процессын дагуу Нийслэлийн засаг даргаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Мөн нийтийн эзэмшлийн талбайд халтирч, бэртсэн бол өмнө өгүүлсэнчлэн НЗДТГ-т гомдол гаргах бүрэн үндэслэлтэй аж.