Үхсэн мазаалайн бэлчээрийн бүс нутагт "Эрдэнэ Монгол" компани алт олборлож байжээ

Үхсэн мазаалайн бэлчээрийн бүс нутагт "Эрдэнэ Монгол" компани алт олборлож байжээ

Өнгөрсөн аравдугаар сард монголд 51 бодгаль бүртгэгдсэн говийн баавгай буюу Мазаалай баавгайн нэг нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт үхсэн байдалтай олдсон тухай иргэд цахим орчинд нийтэлж эхэлсэн. Улмаар БОАЖЯ-ны ажлын хэсэг мэдээллийн тодруулна хэмээн салбарын сайд мэдэгдсэн юм. 

Тэгвэл мазаалайн үхсэн газраас 20 км зайд "Эрдэнэ Монгол" гэх компани "мазаалайн бүс нутаг биш" гэх дүгнэлт гаргуулан алт олборлож байжээ.

Тодруулбал, "Эрдэнэ Монгол" компанийн олборлолт явуулж буй газар нь устах аюулд ороод буй мазаалайн бүс нутаг буюу “Говийн их дархан цаазат газар”-ийн "залгаа бүс нутаг" говийн нэн ховор амьтад болох мазаалай, хавтгай, хар сүүлт, бөхөнгийн идэш тэжээлээ хайх, нүүдэллэх гол бүс нутаг аж. Мөн говийн нэн ховор ургамал болох тоорой, сухайн ойн сан бүхий бүс юм.

Иймд байгаль орчны төлөөх ТББ-ууд нэгдэн "Эрдэнэ Монгол" компанийн хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа лицензийг хүчингүй болгуулах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталсан Байгаль орчны яамны мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах хоёр үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Ташрамд дурдахад "Эрдэнэ Монгол" нь Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Баярмаа Монгол дахь салбарыг хариуцаж ажилладаг юм.