Б.Чинсанаа: Архийг алгасаж гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нь хамгийн ЗӨВ алхам /ВИДЕО/

Б.Чинсанаа: Архийг алгасаж гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нь хамгийн ЗӨВ алхам /ВИДЕО/

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон ерөнхийлөгчийн тамгын газраас архины зохисгүй хэрэглээг бууруулах, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор "Намайг алгас" аяныг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд Isee.mn сайтын зүгээс тус хэлтэстэй хамтран стресс, уур бухимдлаа архиар биш спортоор гаргахыг уриалж "Unitel" группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч, жүжигчин Б.Чинсанаатай ярилцлаа. Тэрбээр архины зохисгүй хэрэглээг дэмждэггүй нэгэн бөгөөд амьдралын хэв маягаа фитнестэй холбосноор гэр бүлдээ маш том хөрөнгө оруулж буй тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Б.Чинсанаа гэдэг. Фитнесээр хичээллэх дуртай жирийн нэг залуу байна. Одоо "Unitel" группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагчаар ажилладаг.

-Фитнесээр хичээллэж эхлэх болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

-Одоогоос арван жилийн өмнө оффисын ажилд ороод нэлээдгүй таргалж эхэлсэн юм. Хүмүүс “чөтгөр” таргалалт гэж нэрлэдэг шүү дээ. Чөтгөр чинь хоёр эвэртэй, сүүлтэй, гүзээтэй байдаг шүү дээ. Яг тийм биетэй болчихсон байсан учраас “бие махбоддоо анхаарч эхлэхгүй бол болохгүй юм байна” гэж бодоод ажлын хажуу талын фитнест явсан. Үр дүн үзүүлсэн учраас түүнээсээ урам зориг аваад одоог хүртэл үргэлжлүүлээд хичээллээд явж байна даа.

-Фитнес спортын нөлөөлөл ганцхан бие махбодын хувьд гэлтгүй сэтгэл зүй, ажлын бүтээмж зэрэгт нөлөөлдөг. Таны хувьд яаж хэрхэн нөлөөлж байгаа юм шиг санагддаг вэ?

-Фитнесс чинь өөрөө маш эерэг үр дүн, эерэг нөлөө авчирдаг. Мэдээж ажлын бүтээмж ихээр нэмэгдсэн. Өөртөө ч маш итгэлтэй болсон. Цагийн менежменттэй болсон гэх мэтчилэн сайн нөлөөлөл их гарч ирж байсан. Гэхдээ үнэнээ хэлэхэд анхандаа биеэ хөгжүүлье, сайхан харагдъя л гэж боддог байсан бол одоо эсрэгээрээ болчихсон. Учир нь гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө хичээллэх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн юм.

-Тодруулбал?

-Яагаад гэх юм бол бид өөрсдөө эрүүл байж, өвдөж хавдахгүй байвал гэр бүлийнхээ төлөө ажлаа сайн хийнэ, хүүхдийнхээ памперсыг олж чадна шүү дээ. Дээрээс нь хүүхдэдээ эрүүл зөв үлгэр дуурайлал үзүүлнэ.

-Сүүлийн жилүүдэд хүмүүс өөрсдийн стресс, уур бухимдлаа буруу гаргаж, эргээд өөрсдийн эрүүл мэндээрээ хохирч байгаа нь их ажиглагдах боллоо. Энэ талаар таны бодол?

-Архи дарсны буруу хэрэглээ нь дээр яривал манай үеийнхэн, өмнөх үеийнхэн ч гэсэн стрессээ тайлж байна гэх нэрийдлээр маш их хэрэглэсээр ирсэн. Тэгээд одоо үеийн залуучууд суралцаад өөр болох болов уу гэхээр нээх их өөрчлөгдсөн зүйл ажиглагдахгүй байх шиг... Дэлхий дахин, улс орон хөгжихийн хэрээр стресс тайлах олон арга зам бий болж байна. Гэтэл эдгээр олон зүйлсийг биш архийг сонгож байгаа нь харамсалтай. Шалдаа буутлаа уугаад тасраад дотор эрхтнээ гэмтээх нь юунд хэрэгтэй гэж. Архи гэдэг зүйл стресс тайлна гэдэг надад утгагүй санагддаг. Би огт уудаггүй гэж хэлж чадахгүй. Жилдээ хоёр удаа хэрэглэдэг. 

-Та хүрээллээ хэрхэн сонгодог вэ?

-Сонсоход яахав жаахан эвгүй сонсогдож магадгүй. Өөрөөсөө илүү чадвартай, илүү ухаантай хүмүүсээр хүрээлүүлэхийг хүсдэг. Гэхдээ тэр нь ажил дээр өөрөөсөө илүү туршлагатай хүн, фитнесс зааланд өөрөөсөө илүү бэлтгэл хийдэг хүн гэх мэтчилэн. Тэгээд бие биеэсээ суралцдаг нь маш их таалагддаг.

-Таны эргэн тойрны хүрээлэлд архи хүчээр шахах тохиолдол хэр их гардаг вэ?

-Өмнө нь бол зөндөө л... Одоо хүрээллээс ч шалтгаалж тийм тохиолдол гаргахгүй, үүсгэхгүйг хичээдэг. Залуус дургүй зүйлдээ үгүй гэж зоригтой хэлдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Архиар шахаж, уухыг шаардаж, чамайг доош нь татах гэж оролдож байгаа л бол чиний найз огт биш шүү гэдгийг санаж яваарай. Хэн нэгний шахалтаар архийг хүчээр уух нь сонголт огт биш.