БАРИМТ: “Нийгмийн даатгалын мөнгө”-ний хэргээр Д.Мэндбаяр ял авч, хамт шалгагдсан С.Эрдэнийн хэргийг түр түдгэлзүүлжээ

БАРИМТ: “Нийгмийн даатгалын мөнгө”-ний хэргээр Д.Мэндбаяр ял авч, хамт шалгагдсан С.Эрдэнийн хэргийг түр түдгэлзүүлжээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 230 гаруй тэрбум төгрөгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулж, шалгуур үзүүлэлт хангаагүй “Капитал” банканд байршуулах шийдвэр гаргасан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татаад байсан. 

-С.ЭРДЭНЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРООС ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ-

Энэ асуудал үе, үе улс төрийн хүрээнд сөхөгддөг ч өнөөг хүртэл түүнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа нь хаалттай байгаа юм. АТГ-аас энэ оны есдүгээр сар /2022.09/-д “С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 зүйлд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн Прокурорын газраас "Иргэн С.Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэдгийг тодотгосон юм. Тэгвэл тус хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа талаар сурвалжиллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 230 гаруй тэрбум төгрөгийг “Капитал” банканд байршуулсан гэх С.Эрдэнэд холбогдох хэргийг прокуророос түдгэлзүүлээд байгаа аж. Энэ нь улс төртэй холбоотой гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь прокуророос түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө хэргийг шүүх рүү шилжүүлэхээр төлөвлөж байж болзошгүй байгаа бөгөөд АН-ын даргын суудлаар түүнийг барьцаалсан байж магадгүй гэдэг.

Эрүүгийн хэргийн шийдвэр

-НДЕГ-ЫН ДАРГА АСАН Д.МЭНДБАЯР НЬ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ШҮҮХЭЭС ТҮҮНД ЯЛ НОГДУУЛЖЭЭ-

Ямартай ч энэ хэрэгт С.Эрдэнэтэй хамт нэр холбогдсон Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Мэндбаяр нь хэргээ хүлээж, шүүхээс ял сонсжээ.

Тодруулбал, 

  • Д.Мэндбаяр нь НДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж НДЕГ-ын Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэгтэй бүлэглэн, нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлэх, шийдвэр гаргах бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Хуримтлалын сангаас арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол банк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэснийг зөрчиж, Санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хамтарсан шийдвэр гараагүй, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хэлэлцэн батлаагүй буюу тус зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөт үлдэгдлээс арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хүүгийн хэмжээг батлах тухай” хэлэлцэн шийдвэрлэсэн 15 дугаартай хууль бус тогтоолыг үндэслэн арилжааны банканд хадгалах, хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хэмжээг тогтоосон мэтээр Капитал банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдтой
  • 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 34/34 дугаартай гэрээний хугацааг сунгах тухай 38 тоот, 30 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 06/29/11 дугаартай гэрээний хугацааг сунгах тухай 39 тоот, 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 15 дугаартай гэрээний хугацааг сунгах тухай 40 тоот гэрээнүүдийг хугацаа дуусах болоогүй байхад эдгээр гэрээнүүдийн сунгалтыг хийсэн тухай гэрээ,
  • 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 тэрбум төгрөгийг шинээр байршуулах тухай 42 тоот гэрээг байгуулж, уг гэрээний хүрээнд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнөөс нийт 76.000.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр тус тус гаргаж, “Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин тэрбээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан аж.

Шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч, хялбаршуулах журмаар хэлэлцэж, Д.Мэндбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байна.

Товчхондоо, НДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Мэндбаяр нь Нийгмийн даатгалын мөнгийг “Капитал банк” ХХК-д давуу байдал бий болгож байршуулсан гэх хэргийг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлжээ. Тиймээс шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байна. 

Баримт

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГИЙГ БАНКAНД БАЙРШУУЛАХАД С.ЭРДЭНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ БАЙСАН УУ-

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг С.Эрдэнийг тус хэрэгт холбоотой, хууль зөрчсөн хэмээн мэдээлж, түүнийг АТГ-т шалгуулахаар хандаж байжээ. Тухайн үед тэрбээр "Манай С.Эрдэнэ их худлаа ярих юм. Олон хүнийг юм мэдэхгүйгээр нь далимдуулж. Хараад тэссэнгүй. Банкaнд мөнгө байршуулж байгаа асуудал нь надтай огт хамаагүй гэж байна. Хамаатай болох тухай нь баримттайгаар хэлье. С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн толгойлдог болсон. Энэ зөвлөлөөс иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалыг хангах мөнгийг арилжааны банканд байршуулах журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй.

Ямар банкaнд яаж байршуулах тухайгаа С.Эрдэнээс зөвшөөрөл авдаг. Ийм улаан цайм үйлдлээ надад хамаагүй Сангийн яаманд хамаатай гэж ярьж болохгүй. Дэндүү уваагүй байдал Монголд ноёрхлоо.

АТГ бичиг цаасыг нь нягталж шалгаад үнэн мөнийг тодруулах шаардлагатай. Нийгмийн даатгалын тухай хууль гэж байдаг. Түүнд нь Үндэсний зөвлөл гэж мундаг байгууллага бий. Удирдлагыг нь УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Дүрмийг нь холбогдох байнгын хороо баталдаг" болохыг онцолж байсан юм. 

-Д.МЭНДБАЯРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛД Ч.УЛААН, Б.БОЛОР НАР ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ-

Харин дээр өгүүлсэн Д.Мэндбаярт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр гэрч Ч.Улаан... "2014 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хуримтлалын сангаас арилжааны банканд харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хэмжээг тогтоох асуудал нь надад танилцуулагдаагүй учраас би хамтарсан шийдвэрт гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл хамтарсан шийдвэрийг гаргахдаа Сангийн яамыг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Тус шийдвэр нь хэзээ хэрхэн батлагдсан талаар надад мэдэх зүйл байхгүй" хэмээн мэдүүлсэн байгаа юм. 

Мөн гэрч Б.Болор "... 2015 оны 09 сараас 2016 оны 07 cap хүртэл Сангийн сайдаар, 2016 оноос хойш одоог хүртэл багшаар ажиллаж байна. ... Миний хувьд 2015-2016 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалыг арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг тогтоох үйл ажиллагаанд огт оролцоогүй. Уг асуудлын талаар надад ямар ч ойлголт алга байна..." гэжээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэнчлэн С.Эрдэнийн толгойлж байсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалыг хангах мөнгийг арилжааны банканд байршуулах журмыг баталж, банкaнд байршуулах тухайгаа С.Эрдэнээс зөвшөөрөл авдаг байсан нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээ нотлогдож байж магадгүй байна.