Ж.Төмөрсүх: Анх агт морь намайг Хөвсгөл хүү "томилж”, би байгаль хамгаалагч болсон /ВИДЕО/

Ж.Төмөрсүх: Анх агт морь намайг Хөвсгөл хүү "томилж”, би байгаль хамгаалагч болсон /ВИДЕО/

Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн аав байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийг Монгол Улсын гавьяат ажилтан цол тэмдгээр мялаахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр өнөөдөр шагналаа гардан авах юм. Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "Анх агт морь намайг Хөвсгөл хүү "томилж”, би байгаль хамгаалагч болсон" гэдгээ бидэнд хуучиллаа.  

ВИДЕО:

-Та юуны түрүүнд байгаль хамгаалагч гэх энэ эрхэм мэргэжлийг сонгосон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

-Би Хөвсгөл аймгийн Улаан Уул сум буюу Дархадын цэнхэр хотгор гээд байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Монголын Швейцар гэгддэг газар төрж өссөн хүн. Бага насаа зүлэг ногоон дэвжээн дээр тоглож наадан, зурам жирх хөөн ан амьтан байгальтай хамгийн ойр ахуйд өссөн учраас байгаль хамгаалах, байгальтай ойр байх, танин мэдэх ийм амьдралын хэвшилтэй байсан. Энэ бол тэр үеийн хүүхдүүдийн эгэл жирийн амьдралын хэмнэл байсан. Түүний дундаас онцолж хэлбэл, манай аав тэр нутагтаа нэртэй анчин хүн байсан. Аавыгаа дагаж Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Улаан тайга орчмоор хар багадаа долоон наснаасаа эхэлж дагасан. Ийм учраас байгальтай ойр байх нөхцөл бүрдсэн. Багаасаа ан амьтан, байгальтайгаа ойр ахуйд өссөн хүн Улаанбаатарт ажиллахаар анх томилогдсон юм. Гэтэл нэг өдөр хотод эгчийндээ хонож байхдаа морь янцгаахыг сонсоод сэтгэл хөдлөөд тэр өдрөө тухайн үеийн Ойн модны аж үйлдвэрийн яаманд би хөдөө явлаа хотод ажиллахгүй, томилолт бичиж өгнө үү гэж хэлээд Монголын хамгийн цэнгэг устай Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд анх томилогдож байсан. Ер нь бол анх агт морь намайг Хөвсгөл рүү томилсон юм даа. Сонин түүх байгаа биз. Ингэж л амьдралынхаа 25 жилийг Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд зориулсан. Дараа нь 2012 онд Улаан тайгын тусгай хамгаалалттай газар байгуулагдахад төрсөн нутгийнхаа уул тайгийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай хүсэн хүлээсэн ажилд томилогдсон. Арван жил Дархадын цэнхэр Улаан тайгад ажиллаж байна.

-Үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан түүх юм аа. Улаан тайгыг хамгаална гэдэг үнэхээр амаргүй, басхүү бахдам алба байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Манайх гурван том дархан газар хариуцдаг. Улаан тайган дархан цаазат газар, Хорьдол сарьдгийн дархан цаазат газар, Тэнгис естийн байгалийн цогцолбор газар гэсэн Хөвсгөлийн хойд тайгыг ерөнхийд нь хариуцдаг. 1,6 сая га газар. Нийтдээ 43 байгаль хамгаалагч энэ тайгыг хариуцаж ажилладаг. Тайга гэдэг бол хүн бүхний явж очоод байх газар биш. Тийм хүнд нөхцөлд буй байгаль хамгаалагч бидний ажил бол мэдээж ажил хийх гэсэн хүсэл зориг байлаа ч байгалийн болон ажил үйлсийн асар их бэрхшээл байдаг. Тайга хамгаална гэсэн хүсэл эрмэлзэл, тэндээс авч буй таашаал, сэтгэл ханамж бас баяр баясал өгдөг. Эдгээрт байгаль хамгаалагчдын ажлын амт шимт, зовлон жаргал хоёр эн тэнцүү байдаг даа.

-Таны гавьяат ажилтан цол тэмдэгээр шагнахаар болсон гэсэн. Та сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Маш их баяртай байна. Байгаль хамгаалагчдын хичээл зүтгэлийг төр засгаас үнэлж, өнөөдөр гавьяат цолоор шагнахаар болсонд туйлын их баяртай байна. Энэ бүхэнд байгаль дэлхийгээ гэсэн хүн бүр, байгаль хамгаалагч бүрийн сэтгэл зүрх шингэж байгаа гэж ойлгож байна.