Ц.Нямхүү: 20 жил байгаль хамгаалагчийн алба хашихдаа хариуцсан нутаг, ан амьтдаа орхиод долоо хоногт ч явж үзээгүй /ВИДЕО/

Ц.Нямхүү: 20 жил байгаль хамгаалагчийн алба хашихдаа хариуцсан нутаг, ан амьтдаа орхиод долоо хоногт ч явж үзээгүй /ВИДЕО/

Ердөө хорин жилийн өмнө ховор нандин зэрлэг амьтдыг идэр насны залуус ан гөрөө хэмээж, цусанд нь хутгаад омогшин зогсож, хүмүүс лавшруулан магтдаг байсан үе саяхан. Гэвч бид одоо эх дэлхий байгаль орчноо хайрлаж, зэрлэг амьтадаа нандигнадаг болов. Гэхдээ эргэж олдохгүй эрдэнэ бол эх байгаль, ан амьтад гэх энэ үйл, энэ тогтолцоог ойлгуулж, бүтээх гэж амиа өргөсөн эгэл баатар, халуун, хүйтэнд өдөр шөнөгүй зүтгэсээр байгаа байгаль хамгаалагчдаа бид төдийлөн дурддаггүй билээ.

Иймд бид энэ удаагийн "Social ID" буландаа тэдний нэгэн төлөөлөл ан амьдын төлөө 20 жил ажиллаж буй Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын Хорьдол сарьдгийн ДЦГ-ыг сахин хамгаалдаг байгаль хамгаалагч Ц.Нямхүүтэй ярилцлаа.

ВИДЕО: 

Тэрбээр 20 жил Хорьдол сарьдгийн их тайгад байгаль хамгаалагчаар ажиллаж үүргээ гүйцэтгэхдээ. Долоо хоног ч амьтдаа орхиж явж үзээгүй гэх. Мөн “Би одоо 49 настай гэхдээ тэтгэвэрт гарах дөхсөн хамгаалагчдаа бодвол хүч тамиртай ажлаа сайн гүйцэтгэх насан дээрээ байна. Бид өдөр бүр ууланд алхаж, зэрлэг амьтдаа судалж, тэд маань нүдэн дээр өсөж буйг харах нь дэндүү сайхан. Ийм сайхан албыг нэгэнтээ чадна гээд хүлээн авсан учир нэр төртэй гүйцэтгээд л үднэ” хэмээсэн юм. Түүнчлэн өдөр шөнөгүй гэрийн бараа харалгүй хээрээр гэр хийдэг түүний сарын цалин ердөө 450 мянган төгрөг. Гэвч ажилдаа дурлаж хийдэг түүнд цалин чухал байгаагүй гэдгээ онцолж байв. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-ХЭЭР ЯВАХ ДУРТАЙ БОЛОХООР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ БОЛЖ, 20 ЖИЛИЙН ТУРШ АЖЛАА ДУРЛАЖ ХИЙСЭН-

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэвээнжавын Нямхүү гэдэг. Би Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын Хордол сарьдгийн ДЦГ-ын байгаль хамгаалагчаар ажилладаг.

-Байгаль хамгаалагчийн ажлаа хэзээнээс хийж эхлэв. Яагаад энэ ажлыг сонгосон бэ?

-Би 2004 оны арванхоёрдугаар сард энэ ажилдаа ор байлаа. Одоогоор 19 жил энэ албанд зүтгэн ажиллаж байна. Хээр гадаа явах дуртай байсан учраас анх сонирхож ажилд орж байсан юм. Одоо болтол энэхүү ажилдаа дурлаж хийдэг дээ.

-Ажлынхаа хажуугаар мал аж ахуй эрхэлдэг үү? Хөдөө хээр гэхээр боломжит нөхцөлтэй шүү дээ.

-Байлгүй яах вэ. Хэдэн үхэр, морь бий. Манай ажилд морь мал унаа хамгийн чухал. Тиймээс адуу малладаж харицсан нутгийнхаа хил заагыг мандаг юм.

-Өдөр бүр ажилдаа тодорхойгүй цагаар ажилладаг гэсэн. Байгаль хамгаалагчийн ажилд цаг уур, амралт хамаардаггүй юм байна лээ. Энэхүү ажлыг  нь гэрийнхэн нь яаж хүлээн авдаг вэ?

-Цаг наргүй. Завгүй нь үнэн л дээ. Шөнө, хахир хүйтэнд хамаарахгүй босоод л явдаг. Гэрийнхэн маань ойлгож хүлээгээд л сууж байдаг даа. Алба нь өөрөө хариуцлагатай. Буянтай ажил болохоор юм хэлдэггүй байх. Хүүхдүүд маань өөр өөр газарт ажиллаж амьдардаг том болцгоосон. Би одоогоор эхнэртэйгээ, нэг ачтайгаа гурвуулаа амьдардаг. Бид гурав жилийн дөрвөн улиралд зун болоход доош модны зах руу гарч бууна. Өвөл болоход яг хариуцсан нутгийнхаа хил дээр ирж өвөлжиж албан ажлаа гүйцэтгэдэг.

-ХЭЭРЭЭР ГЭР ХИЙЖ, АЖИЛ АЛБАА ГҮЙЦЭТГЭЖ ЯВАХДАА ЗЭРЛЭГ АМЬТАДАА ДУРАНДААД ОЛЖ ХАРАХ САЙХАН БАЙДАГ-

-Хорьдол сарьдгийн нуруу гэхээр Монгол орны хамгийн бартаат зам, онгон байгалтай газруудын нэг шүү дээ. Тэгэхээр олон ч амьтан байдаг байх. Тэднийгээ хэрхэн судалж, хамгаалдаг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Зам бол нутгийн хүн биш бол явхад эвгүй. Хорьдол сарьдгийн дархан цаазат газарт нэн ховор бүх амьтад байдаг. Бүгдийн дурандаж бүртгэнэ.

-Та сая дурлаж хийдэг гэлээ. Ажлаас нь юу нь хамгийн сайхан санагддаг вэ?

-Хэцүү бүхэн нь хүртэл амьд амьтны амьтай холбоотой байдаг учир хийсэн бүхэн минь л гоё. Харин өдөр бүр авдаг сайхан мэдрэмж гэвэл ууланд гарч хээрээр зэрлэг амьтадаа дурандаж, ажил албаа гүйцэтгээд явах сайхан байдаг даа.

-Таныг хариуцсан бүсдээ суурьшин ажилладаг гэж сонссон?

-Тиймээ. Би энэ ажилд орсноосоо хойш хариуцсан газраа гэрээрээ оршин сууж, байнгын ажилладаг болсон. Бидэнд угаасаа амралт чөлөөт цаг тун ховор байдаг юм. Манай ажлыг онцлог н тэр юм л даа. Хариуцсан нутагтаа ойр байвал үр дүн арай гайгүй байдаг. Өдөр бүр явна. Цаг наргүй болохоор гэр ойр байх нь амар. Ирж явж байгаа хүмүүсийг ч харна. Устай байна уу гэхчлэн амьдрах нөхцөлийн судална. Элдэв эрсдэл, аюулаас хамгаална. Саяхнаас хэдэн байршилд байгууллагаас камер байршуулсан юм. Тэнд байдаг гэдэг нь тогтоогдоогүй цоохор ирвэс хүртэл бичигдсэн байна лээ. Сайхан байгаль шүү дээ.

-ХУЛГАЙН АНЧДААС БОЛЖ ХОВОРДСОН БАЙСАН ЗЭРЛЭГ АМЬТАД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА АЖИЛЛАЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ НЭЛЭЭД ӨСӨЖ, ЭЛБЭГ БОЛСОН-

-Анх таныг ажилд орж байх үед энэ хэсэг газрын амьтад ямар байв. Байгаль ямар байв. 20 жилийн өмнө гэдэг чинь хулгайн ан, модчид их байсан байх?

-Их байлгүй яах вэ. Намайг ажилд орохоос өмнө 90-ээд он зах зээлийн үеэс хойш энд хулгайн ан нэлээд газар авч, ан амьтад маш их ховордсон байсан. 2012 оны есдүгээр сард манай Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсан юм. Даргаар нь одоо манай Төмөрсүх дарга томилогдож, хамт олон бүрэлдэн шинэ байгууллага үүсгэж ажилласан. Түүнээс хойш ан амьтан маш их нэмэгдэж, эрс өсөж байгаа. Одоо нэлээд ховор байсан амьтад элбэг болсон.  Үзэгддэггүй байсан мөр гарах болж, ховор амьтад элбэг болж байгаа. Одоо зэрлэг гахай хүртэл өсөж манай гэрийн гаднах хадлангийн талбайг байхгүй болгож байна. Газар хадраад шүү дээ. Гэхдээ сайхан байдаг юм.

-Зэрлэг амьтдаа онд оруулахын тулд уул руу тэжээл үүрч өдөр шөнө дамнаа мацдаг гэж сонсож байсан юм байна. Энэ талаар дурдвал?

-40,50 см цас ороход л зэрлэг гахайнаас эхлээд хооллоход хэцүү болдог. Тиймээс байгууллагаас тэжээл гаргаж бид даргатайгаа нийлж машин явж болох газар хүртэл тулж зогсоод дээш тэжээлүүдээ үүрээд л мацдаг даа. Түрүү жил зэрлэг гахайн байршлыг судалж тэжээл зөөж асгаж хагсын модон дээр хураасан байсан юм. Тэгсэн камерт бичигдсэнээр 20 гаруй гахай модон дээрхийн хүртэл буулгаж идээд онд орсон байна лээ. Тэгээд эрүүл саруул хавартай золгож байгааг нь харах сайхан байсан.

-Та хэд бас гурван бамбарууш өсгөж байсан билүү?

-Тиймээ. Дарга маань хувиасаа л тэжээлийн гаргаж, тойлон өсгөх шиг болсон. Хавар холбогдох дээд шатны байгууллагууд нь нисдэг тэрэгтэй авч яваад нутагшуулсан. Одоо ичээндээ орсон байх гэж бодож байна.

-Амьтдаа өдөр бүр харж бүртгэдэг үү. Хэд хонгоор ч юм уу ажилтай болоод хяналт тавихгүй байх үе байдаг уу?

-Бид Зайлшгүй явах ёстой ажил гарахгүй л бол ажил алба, хариуцсан нутаг орноо хаяж явдаггүй. Тэгж явж үзээгүй л байна. Амьтдаа хамгаалалтгүй орхин гэдэг хэтэрхий эрсдэлтэй.

-Хулгайн анчдын хувьд. Одоо багсаж байгаа ч хулгайн ан илрүүллээ гэсэн мэдээлэл ховор харагддаг юм. Тэдэнтэй яаж тэмцдэг вэ?

-Сум орон нутгийн хүмүүстэй мэдлэг мэдээлэл өгч ажиллана. Хараа хяналт тавина. Гэхдээ дээр үед хүмүүс гэрээсээ буу үүрч гардаг байсан. Харин одоо аньс, нэрс ч гэдэг юм уу жимс түүх гэж уул руу явдаг болсон. Хүмүүсийн ухамсар дээшилж хулгайн ан ч багссан. Хүмүүс ан хийхээ бүр болих байх гэж найдаж байгаа. Хааяа мөр олдвол шиншлээд хөөнө. Цасан дээр үлдсэн мөр, хугарсан мөчир, отоглосон газар гээд хөөсөөр байгаад л олж очоод анхааруулах нэгэнд нь анхааруулна. Арга хэмжээ авах нэгэнд нь арга хэмжээ авдаг даа. 

-БИД ӨДӨР БҮР УУЛАНД МАШ ИХ АЛХДАЖ ЮМ ЗӨӨНӨ. ТЭТГЭВРИЙН НАС 60 БОЛОХООР ЭНЭ МЭТ АЖЛЫН ҮЕД НАСТАЙ ХҮН БОЛ ХЭЦҮҮ Л ХАРАГДДАГ ЮМ-

-Амралтын өдөргүй. Хүнд нөхцөлд ажилладаг шүү дээ. Гэвч байгаль хамгаалагчийн цалин ердөө 450 мянган төгрөг. Энэ талаар танд хэлэх санал хүсэлт байдаг уу?

-Ажил маань хүнд үе бий. 450 мянга гэдэг мэдээж амьдралд хүрэлцэхгүй нь үнэн шүү дээ. Гэхдээ нэгэнт сонгож, үүрэг хүлээсэн алба учир цалин голж байгаагүй.

-Тэтгэврийн насны хувьд мөн өндөр байсан. Гэтэл та бүхэн их тайгад зэрлэг амьтадтай ажилладаг хүмүүс биеийн хүч зайлшгүй шаардлагатай байх?

-Энэ асуудал харин бага зэрэг санаа зовоодог юм. Би одоо 49 настай. 60 хүрч яваа хэдийгээ бодвол арай гайгүй тамиртай. Бид өдөр бүр ууланд маш их алхдаг. Дээрээс нь тэжээл зөөнө. Энэ мэт ажлын үед настай хүн бол хэцүү л харагддаг юм. Тэтгэврийнх нь насыг жаахан богиносгох нь зөв гэж боддог доо. Гэхдээ аргаггүй ажилдаа дуртай. Хүлээсэн үүрэгтэй учир ямартай ч албан ажлаа цаг нь үртэл гүйцэтгэх болно оо.

-Захиргаанаас нь суурьшин ажиллах сууц барьж өгсөн байсан. Бүх тавилга тохижилт нь өвөрмөц шийдэлтэй авсаархан харагдсан. Байшингийн талаар сонирхуулбал?

-Байгаль хамгаалагчийн ажиллах нөхцөлийг сайжруулахаар байгууллага өөрсдийн нөөц хүч боломжоор байгаль хамгаалагчдадаа байшин барьсан. Тэр маань энэ жил ашиглалтад орж, байрандаа орсон байна. Тавилгуудыг маань Төмөрсүх дарга болон байгууллага нөөц боломж буюу модоор сэтгэж хийсэн юм. Ажилдаа яваад ирэхдээ дулаан байг гээд байшинтай болгож өгсөн. Ер нь манай дарга “Би дарга гээд суугаад байдаггүй. Бүх юм аа адил хийнэ. Байшинд биш байгальд л байдаг хүн. Биднийг хамгийн сайн ойлгож дэмждэг дээ.

-20 жил ажилласан хүний хувьд таныг үзэж буй байгаль хамгаалагчдадаа мэндчилгээ дэвшүүлээд яриагаа өндөрлөе.

-Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа байгаль хамгаалагчдадаа  энэ өдрийн мэнд хүргэе. Зорьсон зорилго, хийсэн ажилдаа үнэнч шударга байж байгалиа гэсэн чин үнэн сэтгэлээр байгаль хамгаалах их үйлсдээ өндөр амжилт гаргаж ажиллахыг ерөөж мэндчилье.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Амьтад нь олон болж, алба нь амгалан байхыг хүсэн ерөөе

-Та бүхэн бас баярлалаа. Ажлын өндөр ажилт хүсье.