ВИДЕО: Хилийн төмөр замын хоёр дахь ХААЛГА нээгдлээ

ВИДЕО: Хилийн төмөр замын хоёр дахь ХААЛГА нээгдлээ

Манай улс Эрээн, Ганц мод гэсэн хоёр хаалгаар урд хөрш рүүгээ нэвтэрдэг. Үүнээс төмөр замаараа гардаг ганц гарц нь Эрээн-Замын-Үүд. Тэгвэл экспортын гарцыг нэмэгдүүлэх ажлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд шат дараалан эхлүүлж Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг өнгөрсөн баасан гаригт /2022.11.25/ ашиглалтад оруулав. Уг үйл явдлыг isee.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжилж тус замын анхны хүн тээврийн зорчигч болон аялаад ирлээ. 

ВИДЕО:

 

-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМ МАНАЙ ХИЛЭЭС 8-ХАН КИЛОМЕТРИЙН ЦААНА ИРЧХЭЭД БАЙНА. УГ ЗАМЫГ НЭГ САРЫН ДОТОР БАРЬЧИХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ТУС УЛСААС МЭДЭГДЖЭЭ -

Энэ бол монголчуудын хамгийн богино хугацаанд буюу найман сард багтаан барьж байгуулсан томоохон бүтээн байгуулалт. Эргэн сануулбал, өнгөрсөн гуравдугаар сард бүтээн байгуулалтын нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгсөн байдаг. Энэ дагуу тус төмөр зам ийнхүү нээлтээ хийж экспортын тээврийг хийхэд бэлэн боллоо.

Тус зам Хятадын Мандал боомттой холбогдох юм. Наана манай Ханги боомт байх бөгөөд хилийн заагт өргөн, нарийн төмөр зам бүхий хоёр гарцтай гэдгээрээ онцлог.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч талаас орж ирэн бараагаа ачихад асуудалгүй, бид нарийн төмөр замыг өргөний хамтаар барьчихсан гэсэн үг. Одоо зөвхөн хил холболтын цэгийг шийдчихвэл гарц бүрэн утгаараа нээгдэнэ. Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад улс дахь айлчлалын үеэр яригдана гэх хүлээлттэй байгаа бөгөөд хоёр тал аль 2018 оноос хойш шат, шатандаа ажиллаж ирсэн. Хятадын тал Зүүнбаян-Хангийн 226.9 км төмөр замыг угтуулж Бугат-Мандал чиглэлийн 240 км төмөр замыг бариад байна. Өөрөөр хэлбэл, Хятадын төмөр зам манай хилээс наймхан км-ийн зайд бэлэн ирчхээд байгаа юм. Хэрвээ хил холболтын цэгийн асуудал шийдэгдлээ л бол үлдсэн найман км замыг Хятадын талаас сарын хугацаанд барьчих боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Одоо төрийн дээд түвшинд уг асуудлаар шийдвэр гарахыг хүлээх үлдлээ. Энэ талаар ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ "Монголдоо өргөн цариг явна, хил дээр очоод хоёр улсын төмөр зам холбогдоно. Хангийн замыг Замын-Үүдтэй адилхан холбогдоод явахаар тохирсон. Одоо манай хоёр улс хил холболтын цэгээ эцэслэн тохирсноор тээвэр логистикийн ажил хийгдээд явна. Ханги-Мандал холбогдоход хүндрэл гарах нь бага. Гашуунсухайт-Ганц мод шиг 1.6 жил орохгүй. Өргөн, нарийн царигийн аль алинаар нь холбох зохион байгуулалтыг хилийн зурвас хэсэгт байгуулсан байна. Удахгүй хоёр улсын төр засгийн түвшинд ярьж, эцэслэнэ гэсэн юм.

-ТӨРӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ ГАРГАЛГҮЙ КОНЦЕССООР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ЗАМ -

Зүүнбаян-Хангийн төмөр замыг концессын гэрээгээр “Монголиантранс лайн”, “Монголиан Транс Ложистик” компанийн нэгдэл төрөөс нэг ч төгрөг авалгүй, Засгийн газраас баталгаа шаардахгүйгээр 100 хувь өөрсдөө эрсдэлээ үүрч байгуулсан байна. Концессыг 20 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд зардлаа хэдий хугацаанд нөхөх эсэхээ одоогоор тооцоолж байгаа аж. Төслийн анхны ТЭЗҮ 400 сая төгрөг байсан ч төслийг хэрэгжүүлэх явцад өртөг өссөн гэдгийг дээрх компанийнхан ярьж байлаа. Энэ талаар Концесс эзэмшигч “Монголиан Транс лайн” компанийн ЕрӨНХИЙ ЗАХИРАЛ Б.БАЯРЖАРГАЛ “Бид гол төмөр замаа барьж байгуулах ажлыг дуусгалаа. Арванхоёрдугаар сарын эхээр эхний галт тэргээ явуулна. Гэхдээ хил холболтын цэгээ эцлээгүй учраас одоохондоо хилээр галт тэрэг гарах боломжгүй. Тиймээс Хангийн өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэж, тэндээсээ автомашин руу шилжүүлж хилээр гарна. Шилжүүлэн ачих байгууламж байгуулна. Одоо баригдсан Ханги өртөө нь өргөн царигийн шилжүүлэн ачих анги юм. Ирэх онд үүний хажууд нарийн царигийн шилжүүлэх ачих ангитай шинэ өртөө байгуулна. Одоохондоо механикаар ачиж, чуулгахад асуудалгүй” гэсэн юм.

 120 гаруй компанийн оролцоотойгоор энэхүү замыг богино хугацаанд бүтээн байгуулахдаа төмөр замын рельс төмрийг л импортоор, бусад түүхий эд, матриалаа дотоодоосоо ханган татжээ. Тухайлбал, Зүүнбаян-Хангийн төмөр замын бетон дэрний 85 хувийг “Улаанбаатар БҮК”, MTI-ээс, цементээ 100 хувь “Монцемент” үйлдвэрээс, арматураа “Улаанбаатар менежмент”-ээс, төмөр замын далан, хөрс, геодези, усны судалгааг Монголын компаниуд хийсэн байна. Энэ утгаараа тус төмөр зам нь түүхэн бүтээн байгуулалт юм.

Нөгөөтэйгүүр Зүүнбаян-Хангийн төмөр замын нэг онцлог бол Сайншанд-Зүүнбаян, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 111 км дээрх зөрлөгөөс хоёр талаас нь салаалсан бөгөөд гурван талаас ирэх ачааг саадгүй шууд тээвэрлэх гурван замын уулзвар төмөр зам анх удаа Монголд бий болсон нь энэ юм.

-ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ-

 Зүүнбаян-Ханги төмөр зам ашиглалтад орж, Ханги-Мандал боомт өргөжсөнөөр

  • Жилд 20 сая тонн бүтээгдэхүүн экспортлоно
  • Жилд хоёр тэрбумын экспорт нэмэгдэнэ
  • Төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ
  • Дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносч тээврийн өртөг хугацаа хэмнэгдэнэ
  • Байнгын 1300 ажлын байр бий болно гэх мэт олон давуу талтай. Үүний 70-80 хувийг орон нутгаас бүрдүүлнэ
  • Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн-Жинин-Хөх хот-Бугат 1722 чиглэлийн тээврийн маршрут Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат 1404 км чиглэлд 318 км дөт болно
  • Тавантолгойн нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлэхийн сацуу говийн бүс дэхь төмөр замуудын дагуух уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа идэвхжинэ 
  • Төмөр зам дагасан хөгжил суурингуудад нутагшина.

Замын-Үүд, Гашуунсухайтын ачааллыг хуваалцах Ханги боомтоор нүүрс, зэс, төмөр гээд бүгдийг тээвэрлэх боломж ийнхүү нээгдэж байна. Энэ бол төр, хувийн хэвшлийн сайн түншлэл юм. Ганцхан боомттой байхын зовлонг бид ковидын тархалтын үед хатуу мэдэрсэн. Энэ нь гарцаа нэмэгдүүлэхийг сануулсан үйл явдал байсан бөгөөд эдийн засгийг тэлэх, улсыг хөгжүүлэх шийдэл нь боомтын хөгжил, тэлэлт юм. Энэ чиглэлд ч Засгийн газар анхаарал хандуулж буй сайшаалтай.