ТОЙМ: Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх зэрэг стратегийн чухал ач холбогдолтой асуудлуудыг шийдэв

ТОЙМ: Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх зэрэг стратегийн чухал ач холбогдолтой асуудлуудыг шийдэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. “Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв” хэмээн хоёр улсын Хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Айлчлалын үйл явдлууд, агуулгыг тоймловол:

Монгол, Хятадын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Хятадын Ардын Их Хурлын ордонд угтлаа.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцав.

Хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсэг зурав

 Айлчлалын үеэр талууд:

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”,
  • “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”,
  • “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”,
  • “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”,
  • “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал” зэрэг 16 баримт бичгийг байгуулав.   

19 зүйл бүхий Хамтарсан мэдэгдэл гаргалаа

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийн хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нар өргөн хүрээтэй тохиролцоонд хүрсэн гэж албан мэдээнд дурджээ.

Хамтарсан мэдэгдэлд:

  • Харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх,
  • Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих,
  • Хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах,
  • ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулах,
  • БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэх,
  • “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.

Хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхаж, энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Хоёр орны улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлов.

Хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Ерөнхийлөгчид мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу бараалхаж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүний 2022 оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө