Тодруулж буй орон сууц нь Капитал банкны эд хөрөнгө биш бөгөөд Монголбанкны албан тушаалтнуудад хамааралгүй болно

Тодруулж буй орон сууц нь Капитал банкны эд хөрөнгө биш бөгөөд Монголбанкны албан тушаалтнуудад хамааралгүй болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.12.01/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол банкны удирдлагуудтай холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн. 

Тодруулбал тэрбээр "Дампуурсан Капитал банканд НДС-ийн 104.2 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөнөөс нийт 37 тэрбум төгрөгийн бага зэргийн мөнгөн хөрөнгө, 25 төрлийн 78 нэр төрлийн хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрээр хураан авсан. Улмаар найман удаагийн дуудлага худалдаа явагдсан. Одоогоор 17 тэрбум төгрөгийн 51 хөрөнгө зарагдаагүй байгаа. Хүн тоохгүй байна.

Гэтэл Монгол банкны хүлээн авагчид тэндээс үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдийн дураар хурааж Монгол банк болон захирлынхаа мэдэлд авч байна. Энэ үнэхээр байж болохгүй асуудал. Монгол банк арилжааны банкийг дампууруулдаг. Өмч хөрөнгийг нь дээрэмддэг. Хуучин гарч байсан асуудал. Одоо үргэлжилж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд "Замбуулин виллаж" гэж хотхон байгаа. Алтны компани барьсан. Өрөндөө Капитал банканд хураалгасан. Үүнээс гурван ширхэг амины орон сууцыг Монгол Банк удирдлагуудынхаа мэдэлд хураан авсан байна. Ингэхдээ "Монгол банкны хөрөнгөөр тэндээ дотоод засал хийж тэргүүн дэд ерөнхийлөгч нь амьдарч байна" гэж иргэд ярьж байна. Гэтэл санд хураагдсан мөнгө нь борлуулагддаггүй олон төрлийн юм байдаг. Гол хөрөнгийг нь Монгол банк завшиж авч болох юм уу. Тийм учраас энэ асуудлыг УИХ-аас шалгах ёстой гэж үзэж байна" гэсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас дараах мэдээллийг өгчээ.

Тодруулбал "Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 тоот тогтоолоор Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан Капитал банкны төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төрийн хохирлыг барагдуулахыг үүрэг болгосон байдаг.

Энэ хүрээнд Капитал банк болон түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийг Эрүүгийн цагдаагийн албаны санал, прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж тогтоолгосон бөгөөд эд хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэх, дуудлага худалдаанд оруулах бүрдээ прокурорын зөвшөөрлөөр битүүмжийг чөлөөлөн хохирлыг барагдуулан ажиллаж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах ажиллагаа эхэлснээс хойш нийт 335.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан.Үүнээс төрийн 25 байгууллагын даатгагдсан болон даатгагдаагүй харилцах хадгаламжийг 100.4 тэрбум төгрөгөөр бүрэн барагдуулсан байна.

Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 9.74 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 30 байршилд 57 ширхэг 25.06 тэрбум төгрөгийн өр төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлсэн бол одоо 69.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ажлын хэсгийн тайланг Монгол Улсын Их Хурлын 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг нэн тэргүүнд барагдуулан ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүнээс тодруулж буй орон сууц нь Капитал банкны эд хөрөнгө биш бөгөөд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудад хамааралгүй болно.

Монголбанканд Анод банкны эрх хүлээн авагчаас шилжүүлсэн шаардах эрхийн хүрээнд Замбуулин Виллажийн гурван орон сууцыг газрын хамт өр төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан Засгийн газрын журам батлагдаагүй байгаатай холбогдуулан тус хөрөнгө нь Монголбанкны өмчлөлд шилжин ирээгүй байгаа. Монголбанкны зүгээс авлагыг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тухайн зээлдэгчтэй ажиллаж байгаа болно" гэжээ.