Ц.Отгонбаяр: Монголоос нүүдэл хийсэн "Тураг гогой" шувуу "Хималай"-н нурууг даван нисэхдээ 360 км замыг хоёр цагт туулсан /ВИДЕО/

Ц.Отгонбаяр: Монголоос нүүдэл хийсэн "Тураг гогой" шувуу "Хималай"-н нурууг даван нисэхдээ 360 км замыг хоёр цагт туулсан /ВИДЕО/

Дэгдээхэй байхаас нь тэнгэрийн жигүүртэн болтол нь судалж, шувуудын амьдрах нөхцөлийг бүрдүүлж хамгаалдаг хүмүүс бол шувуу судлаачид. Энэхүү байгальтай ойр баггүй тэсвэр шаарддаг ажлыг монгол судлаачид эх нутагтаа хэрэгжүүлээд 18 жил болжээ. Улмаар саяхан ээлжит нэгэн судалгаа нь амжилттай болж бидний нэрлэж заншсанаар "Хар галуу" буюу "Тураг гогой" нүүдэл хийхдээ дэлхийн хамгийн өндөр оргил хималайн нурууг даван нүүдгийг баталсан юм. Иймд бид энэ удаагийн танин мэдэхүй, байгаль орчны сурвалжилгаараа Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич Ц.Отгонбаярыг онцоллоо. 

ВИДЕО: 

Зэрлэг амьтан судлах хамгаалах төв 2022 оны зургаадугаар сараас наймдугаар сар хүртэл Хар-Ус нуурын Байгалийн цогцолбор газар ажиллажээ. Ингэхдээ 305 км газар завиар явж, шувуудын судалгааг хийж бүртгэж авсан байна. Энэ үеэр загасчид, иргэд үзэн яддаг гэх тураг гогойг судлахаар болж зургаан гогойнд байршил тогтоогч суулган нүүдлийн зам, хооллолт, төлөв байдлыг нь судлах ажлыг эхлүүлсэн байна. Улмаар тэдгээрийн нэг саяхан дэхийн хамгийн өндөр хималайн уулсыг 6277 метр өндөр дээгүүр хоёр цаг нисэн давжээ. Мөн судлаачдад уг тураг гогой буцаж ямар замаар Монголд ирэх нь сонирхолтой байгааг дурдаж байлаа. Ингээд Биологич Ц.Отгонбаярын ярилцлагыг хүлээн авна уу. 

-Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үйл ажиллагааны талаар манай үзэгч, уншигчдад танилцуулбал? 

-Сайн байцгаана уу. Манай байгууллага 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Бидний хийж буй ажил зөвхөн шувуугаар ч тогтдоггүй. Загас, хөхтөн, шувуу, ургамал, аалзны судалгаанаас эхлээд маш олон судалгаа хийдэг. 

-Тураг гогойн судалгаа хаанаас хэзээ эхлэв? 

-Бид энэ жилээс эхлэн тураг гогойнд анх удаа нүүдлийн замын судалгаа хийж байна. Загасчид үзнэ ядаад байхаар нь бид хавар энэ шувууны нүүдлийг судалж үзье гээд дамжуулагч зүүсэн юм. Тухайлбал, төв хэсгээс гурван тураг гогой, Баруун монголоос буюу Хар-Ус нуураас дөрвөн тураг гогой барьж, дамжуулагч /GPS/ зүүсэн.

-Тэдний нүүдлийн хувьд хаанаас хааш нисэв. Хэд нь хималайн нуруу давсан бэ? 

-Арваннэгдүгээр сарын 4-өөс эхэлж нүүдлээ эхэлсэн нэг тураг гогой маань нийт 2682 км замыг дөрөв хоногт туулсан. Улмаар хималайн нурууг туулж, Бангладешид очиж 10 хоног амарсан. Одоо Энэтхэгийн Ганга мөрний ойролцоо ирж, өвөлжиж байгаа.

Хималайн нуруу давсан "Тураг гогой"-ны нүүдэл

Төв хэсгээс барьсан хоёр гогойны нэг нь шар мөрөнд байна. Нөгөө гогой нь Заамар дээр ирээд алга болсон байгаа. Дамжуулагч нь ажиллахгүй эсвэл тэр шувуу үхсэн байх магадлалтай. Дараагийн хоёр шувуу маань Өрөмч хотод өвөлжиж байгаа. Арваннэгдүгээр сараас хойш мэдээ өгөөгүй байна. Ямар нэгэн байдлаар дамжуулагч эвдэрсэн юм уу. Шувуу эндсэн байх.

Шувуудын ниссэн болон зогссон байдал

Нэг шувуу маань арваннэгдүгээр сарын 5-аас эхлээд нүүдлээ эхэлсэн. Шинжианд ирээд зогссон байгаа. Арваннэгдүгээр сарын 7-ноос хойш мэдээ өгөөгүй байна. Тэгэхээр одоогоор дамжуулагч нь ажиллаж буй дөрвөн шувуу байна. 

-Дамжуулагч нь ямар нөхцөлд ажилладаггүй вэ. Холбоо өгөхгүй байгаа гурван шувуу ерөнхийдөө үхсэн гэсэн үг үү? 

-Бараг тийм байх гэж таамаглаж байна. Гэхдээ дамжуулагч эвдэрсэн эсвэл дамжуулагчийн холбоо өгөхөөргүй газар очсон байж болно.

-Тураг гогой хималайн нурууг давахдаа хэдэн км замыг хэдэн цагт туулсан бэ? Мэдээж агааргүй гэж хэлж болох бүс шүү дээ. Амаргүй байх

-Тэгэлгүй яах вэ. Хималайн нуруу даван нүүдэг маш цөөн тооны шувууд байдаг. Тураг гогойны хувьд хималайг давахдаа 6277 метр өндөр дээгүүр ниссэн. Нийт 360 км орчим замыг хоёр цагт туулж, Бангладешид очиж амарсан. Мөн шувуудын нүүдэлж буй замыг бид газрын зурагт чигээр нь шулуун зурж байгаа ч тэд тойрч, мурийж явж байгаа учир тооцоолсноор илүү их зам туулсан гэсэн үг.

Шувуудын нүүдлийн замыг тэгш, шулуунаар тооцсон байдал

-Мөн өөр судалгааны үеэр тохиосон хамгийн сонирхолтой зүйлс нь юу байв? 

-Махчин шувууны онцлог эх юм уу. Нэг сонирхолтой зүйл нь бүл байсан ч тус тусдаа нүүгээд байдаг юм байна лээ. Мөн бид өмнө нь тураг гогойг хятадын газар нутагт очиж өвөлждөг байх гэж бодож байсан. Гэтэл Бангладеш, Энэтхэг хүртэл нисчихлээ. Тэгээд мэдээж буцаж ямар замаар яаж ирэх нь л маш сонирхолтой байна. 

-Байршил тогтоогчоор амралт, жижиг хөдөлгөөн зэргийг тогтоодог гэж ойлгосон. Эдгээр шувуудын хувьд байршлаар нь аялал хөдөлгөөнийг нь шинжиж үзсэн үү? 

-Тиймээ. Үзэж болно. Цаашид аль цагт хооллодог, хэдэн цаг минут ангаа хүлээдэг зэргийг судалж, мэдэж болно. Жишээ нь манай хималай ордог гогой маань арваннэгдүгээр сарын 6-ний шөнө байх аа элсэн цөлд буугаад шөнөжин үргэж, баг багаар байнга хөдөлгөөнд орж байсан. мөн өдөржин тасралтгүй нисэх тохиолдол ч байсан. 

-Тураг гогойны монгол дахь нүүдэл болон амьдралын хувьд? 

-Тураг гогойнууд маань монголд хаа сайгүй ирж өндөглөн зусдаг. Үр төлөө бойжуулаад нүүдлээ эхлүүлдэг гэсэн үг. Хавар их тураг гогойнууд таараад хүмүүс үзэн ядаад байдаг шүү дээ. Тэр нь нүүж яваа гогойнууд тэгж их харагддаг байхгүй юу.

Ерөнхийдөө хоёр, гурав , долоо хонгоор дайран өнгөрөх нь ч байна. Монголд өндөглөж, үүрнээсээ гаран нисэх шинэхэн тураг гогойнууд ч байна. Тэд мөн тоо нэмж байгаа. Гогойнууд маань сүрэглэн нисдэг. Ингэхдээ есдүгээр сараас нүүдлээ эхэлдэг учир энд тэнд олноор харагддаг. Мөн монголд нуур, гол ширгэж байгаа учир нэг нууран дээр олноороо цугларч байгаа юм.

-Бидэнтэй ярилцаж, мэдээллээ хуваалцсан танд баярлалаа. 

-Та бүхэнд бас баярлалаа.