Хятад улс 6G технологийн судалгааг эхлүүлжээ

Хятад улс 6G технологийн судалгааг эхлүүлжээ

БНХАУ-ын харилцаа холбооны төрийн өмчит гурван компани арваннэгдүгээр сарын 1-нээс орон даяар 5G сүлжээгээ зэрэг ажиллуулж эхэлснээр тус улс дэлхийн хамгийн том 5G сүлжээг нээсэн орон болсон билээ.

БНХАУ тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээгээ ирэх оны эхээр зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны хориг нөлөөлөхөөс сэргийлж, хугацааг урагшлуулсан ажээ.

Гэтэл 5G сүлжээнд шилжсэнтэй зэрэгцэн БНХАУ 6G технологийн судалгааг эхлүүлснээ өчигдөр зарласан байна.

Өнгөрсөн тавдугаар сард Вашингтон 5G технологиор дэлхийд тэргүүлэгч Хуавэй компанид АНУ-ын компаниудаас эд анги, програм хангамж нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан. 

АНУ өөрийн холбоотнуудад 5G сүлжээнд шилжихдээ Хятадын компаниас тоног төхөөрөмж авахгүй байхыг анхааруулсан юм. Хуавэй компанийг Бээжингийн эрх баригчидтай хамтран ажиллаж, тагнуулын ажиллагаа явуулдаг гэсэн үндэслэлээр АНУ ийм шахалт үзүүлж байна.