Энэ сарын 04 /2022.12.04/ -ний өдрөөс эхлэн "Нүүрсний хулгай"-г эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж өдгөө 12 дахь өдрөө үргэлжилж байна. Тэд нийгэмд шударга ёсыг тогтоож, нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг буруугаа хүлээх, авлига албан тушаалын хуулийг чангатгах, байгалийн баялгаа улс орныхоо хөгжилд оруулж эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангахыг шаардсаар байгаа юм.
Энэ үеэр жагсаалыг турхирч органик оролцогчдыг харлуулах ажил өнгөрсөн өдрүүдэд бишгүй явсан гэж хэлж болно. Тухайлбал, нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүс иргэдэд мөнгө өгч жагсаалд оролцуулах, халуун аарц, цай тараах гэх мэт жагсаалын ирцэд нөлөөлж байж болзошгүй гэгдээд буй.
Мөн жагсаалын долоо дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 10 /2022.12.10/-ны өдөр 18:30 цагийн орчимд Сүхбаатарын талбай дахь жагсагчид руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэсэг иргэд дайрч, иргэдэд хүч хэрэглэснийг Цагдаагийн байгууллагаас шуурхай тогтоож, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Энэ нь жагсагчдын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэтээр харлуулах үйл ажиллагаа байсан гэж зарим иргэд хардаж буй. Мөн жагсаалд оролцож буй иргэдийн зарим нь төв талбайд хонож, суултаа үргэлжлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдалд хоёр цаг тутам Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн баг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багтай хамтарч шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа.
Тэгвэл Сүхбаатарын талбайд иргэн З-ын жагсагчдад тараасан хоолноос идсэн байж болзошгүй цөөн тооны иргэдэд "хоолны хордлогын хэв шинж илэрсэн" талаар эх сурвалж мэдээлж байна.
Харин хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг хараахан эхлээгүй байгаа бөгөөд "иргэдийн санал гомдол"-ын дагуу шалгалтыг эхлүүлнэ гэж буй аж. Учир нь одоогоор хэчнээн тооны хүмүүст "хордлогын хэв шинж илэрсэн" гэдгийг тогтоох боломжгүй, мөн хоолны хордлого авсан гэх иргэд хүндэвтэр биш байгаа тул тэдний ихэнх нь хуулийн байгууллагад мэдэгдэхгүйгээр гэрээр эмчлүүлж байж болзошгүй байгаа талаар мэдээллээ.
Харин энэ дагуу Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Сүүлийн 10 хоногт ХӨСҮТ-д хоолны хордлогын шинж тэмдгээр дөрвөн иргэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд он гарснаас хойш хордлогын улмаас нас барсан хүн бүртгэгдээгүй. Харин нийслэлийн хэмжээнд хэчнээн тооны иргэд хоолны хордлогоор ирсэн талаар сар, улирал бүр нэгтгэдэг тул яг одоо мэдээлэх боломжгүй” гэх мэдээллийг өглөө. Мөн сүүлийн өдрүүдэд жагсаалд бага насны хүүхдүүдийг дагуулж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бага насны хүүхэдтэйгээ хамт жагссан эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдийн эрх болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Иймд жагсаалд оролцож буй иргэд өөрсдийн эрүүл мэнд болоод аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.