Т.Баярсайхан: Зөвхөн монгол адуу уралддаг “Монгол Магнай” уралдааныг зохиосноор олон уяач дахин морь уяж эхэлж байна

Т.Баярсайхан: Зөвхөн монгол адуу уралддаг “Монгол Магнай” уралдааныг зохиосноор олон уяач дахин морь уяж эхэлж байна

Манай сайтын удаагийн ярилцлагын зочноор Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат уяач Т.Баярсайхан оролцлоо. Түүний хувьд монгол адуу гэх ойлголтыг олон түмэндээ түгээн дэлгэрүүлж, үйлдвэрлэг шинжийг хадгалхаар хичээнгүйлэн ажиллаж олон зүйлүүдийг санаачлан явж буй нэгэн билээ. Түүний хувьд “Монгол Магнай” уралдааныг өөрийн нутагтаа хоёр дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд зөвхөн монгол адуу уралддагаараа онцлог аж. 

ВИДЕО:

-Та юуны өмнө манай мэдээллийн сайтын уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Төмөрбаатарын Баярсайхан гэдэг. “Дорнын хүлэг” пэйжийг ажиллуулдаг. Монгол ахуй, өв соёлтой холбоотой адууны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа зүйлсээ энэ пэйжээрээ дамжуулан түмэн олондоо хүргэдэг хүн юм.

-Таны хувьд цэвэр монгол адууг уралдуулдаг “Монгол Магнай” наадмын хоёр дахь удаагаа санаачлан зохион байгуулсан. Тус наадмын талаар манай уншигчдад танилцуулаач.

-Би “Монгол Магнай-2025” наадмыг өнгөрсөн жил зохион байгуулж, их морь, даага, соёолон гэсэн гурван насны морь уралдуулсан. Энэ жил “Монгол Магнай-2026”-г төрсөн сумандаа зохион байгуулж, их морь, даага хоёр насны морь уралдуулсан. Долоон аймаг, 21 сумын өргөн дэлгэр, нээлттэй хэлбэрээр их морь 60 гаруй, даага 70 гаруй морь мордсон. Хажуу талын сумын болон бүсийн, аймгийн бүс наадамд 12 үрээ мордож байх жишээтэй. Аймгийн бүс наадамд монгол адуу 60, 70-аараа уралдаж байгаа нь хүмүүс монгол адуугаа сэргээхэд, эргээд монгол адуугаар уралдахад хэр таатай, дуртай байгааг харуулж байна.

-Анх яагаад зөвхөн монгол адуу уралдуулъя гэж бодсон бэ? Монгол адуу гэдгийг сэрвээний өндрөөр эсвэл хэлбэр хийцээр ялгаж байна уу?

Монгол адууг үйлдвэрлэг аргаар буюу хэм, сэрвээ, өндрөөр нь хэмжиж уралдуулдаг. ХАА-н газраас мэргэжлийн хүн авч, сум орон нутгаас малын эмч нар, ахмад уяачдыг дайчилж зохион байгуулдаг. Тэгээд боломжийн сайхан болдог. Цаашдаа цусны шинжилгээ авч, илүү нарийн зохион байгуулах боломжтой юм шиг санагдсан. Ямар ч байсан амжилттай хоёр жил хийлээ. Сүүлийн хэдэн жил цус цусаар нь ялгаж уралдуулах тохиолдол бараг байгаагүй. Дорноговь аймагт миний бие анх удаа ингэж санаачилж, зохион байгуулж хийснээс хойш сум болгонд, зарим газар хаалттай байдлаар цэвэр монгол адуу уралдаж байна. Энэ нь цаагуураа монгол адууг тусад нь уралдуулж болдог гэдгийг харуулж байгаа. Миний зүгээс монгол адууг тусад нь уралдууллаа гэдгээрээ эрлийз адууг үгүйсгэж байгаа юм биш. Хүн болгон өөр өөрийн эрхийн асуудлаар адуугаа хөгжүүлж, сайжруулж байна. Үүнийг үгүйсгэх зүйл байхгүй. Монгол адууг орхигдуулж болохгүй гэдэг зарчмыг л баримталж явдаг учраас монгол адууг ингэж уралдуулж эхэлсэн ажил. Түмэн олон, нутгийн иргэд маань дэмжиж, ивээн тэтгэж, сайхан оролцдогт үнэхээр баярлаж явдаг.

-Та мөн фестивал болон олон контентыг бүтээдэг шүү дээ. Эдгээр зүйлүүдээсээ товч танилцуулаач

-“Морьтон монголжин” фестивалийг Иххэт сумандаа 2025 онд нутгийн дүүтэйгээ хамтран зохион байгуулсан. Адуутай холбоотой бүх зүйлийг нэг өдөр багтаасан тэмцээн болсон. Сум орон нутгаа сурталчилсан, сайхан уралдаан тэмцээн болсон. “Хүлгийн хурд оршив оо” гээд Дорноговь аймгийн Иххэт сумынхаа аймгийн алдарт уяачдыг оролцуулсан телевизийн нэвтрүүлэг хийсэн. Одоо юүтүбэд байгаа. Мөн ETV телевизээр цацагдаж байсан.

-Та нэвтрүүлэгт орох уяачдаа хэрхэн сонгодог вэ?

-Дорноговь аймгийнхаа 14 сумын 14 алдарт уяач, өнгөн уяачдыг оролцуулсан цуврал контент хийгээд эхэлсэн. Одоо найм дахь дугаар дээрээ явж байна. Нэгэнт өвөг дээдэс бидэнд өвлүүлж үлдээсэн ийм сайхан үйл, уламжлалыг бид бүгдээрээ их, бага, манай, танай гэхгүй авч явах ёстой. Үүнийг хэрэгжүүлж байгаа ажлыг маань түмэн олон ойлгож, дэмжиж явдагт үнэхээр баярлаж байдаг. Контент хийх санаа анхнаасаа байгаагүй. Монгол адуугаа уралдуулаад, сум нутагтаа арга хэмжээнүүд зохион байгуулаад явж байсан. Сүүлдээ Дорноговь аймгийнхаа ахуй, соёл тээгчид, уяач нар, адуугаа, хурдан урлаг, морьдоо судалж, зарлаж, сурталчлаад, олон хүнд түгээвэл ямар вэ гэсэн бодлоор контент хийж эхэлсэн. Миний контентын онцлог нь оролцож байгаа уяачаасаа нэг ч төгрөгийн татвар, төлбөр авдаггүй.

-Монгол адуу сүүлийн үед маш ихээр эрлийз болж байна хэмээн олон нийт шүүмжилдэг. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Хүн болгон өөрийн эрхийн асуудлаар адуугаа эрлийзжүүлээд, хурдан чиглэлээр нь сайжруулж, цаг үетэйгээ өрсөлдөх гэж байгаа нь зөв. Тэглээ гээд тэр адууг хөдөө аваачаад хаяж, өвөлжөөд, олж идэх боломжгүй хэмжээнд орхихгүй. Тордоод, хүйтрэхээр нь дөхүүлж, өөрийнх нь байранд оруулж, өсгөж, уяж, цаг үетэйгээ нийцүүлээд явна. Зөвхөн монгол адуу тэсвэр, тэвчээрийн хувьд илүү. Гэхдээ монгол адуугаа эрлийзтэй нь холиод явах уу гэдэг нь хүн бүрийн өөрийн сонголт. Би хэн нэгэнд “монголоо л байлгаарай, эрлийз хэрэггүй” гэж хэлэх боломжгүй. Түмэн олны эрхийг би ганцаараа зөрчиж болохгүй. Хүн болгон өөр өөрийн бодолтой. Би 50 адуутай байлаа гэхэд 10-ыг нь эрлийз аж ахуйд, 40-ийг нь монгол адуугаар байлгах жишээтэй. Хүн бүр цаг үе, цаг уур, нөхцөлдөө тохируулж явдаг. Тиймээс энэ бол зөвхөн миний зөв, буруу гэж шийдэх зүйл биш гэж ойлгодог.

-Монгол адууны уралдаанд уяач нар хэр идэвхтэй оролцож байна вэ?

-“Монгол Магнай” наадмын бүртгэл тавдугаар сард болдог. Он гараад бүртгэл эхлэхэд олон аймаг, 25 сумаас оролцож байгаа. Монгол орны үндсэн бүс нутгуудаас оролцож байна гэсэн үг. Идэвхтэй оролцдог ч бага адуу буюу даага нь жоохон ялгагдахгүй байх тохиолдол гардаг. Үс ноосоо хаяагүй, өөр бусад шинжээрээ ялгагдахгүй учраас анзаарагдахгүй байх тохиолдол бий. Тиймээс энэ жилийн “Монгол Магнай” наадмаа арай өөр түвшинд, шалгаруулалтаа өөр түвшинд судалж байж хийх үү, хийхгүй юу гэдгээ бодож байгаа.

-Зарим малчид адуугаа цэвэр монголоор хадгалахыг хүсдэг. Гэвч тэдгээрийн хувьд цэвэр монгол адуугаар уралдаад цустай адууг гүйцэхгүй юм байна гээд морь уяхаа больдог тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл таны хийж байгаа энэхүү уралдаан эдгээр уяачид руу илүү чиглэсэн гэж ойлгож болох уу?

-Хөдөөгийн хөөрхий хөх уяач монголоороо байж байгаад, цус цус орвол үлдчихээд, сумын наадамд уралдахаар сайн байвал зургаа, аравдугаар сарын наадмаас хойш ордог гэх мэт байдал байсан. Тэгээд монгол адуугаа “за, одоо монгол адуу уралдахаасаа, айрагдахаасаа өнгөрчээ” гээд уяхаа больсон хэмжээнд оччихсон байсан.“Энэ уг нь манай хүний сайн угшилтай адуу. Даанч монгол” гэж ярьдаг байсан. Тэгээд хэдүүлээ зориг гаргаад монгол адуу уралдуулснаас хойш монгол адуу тусдаа уралддаг болсон. Эрлийз нь эрлийздээ, монгол нь монголдоо уралдах юм. Аль нь ямар хэмжүүрээр уралдах вэ гэдгийг хүмүүс тохируулж, адуугаа оруулдаг болсон.

-Хурдан морь бол монголчуудын хувьд хамгийн том өв соёлуудын нэг. Гэтэл сүүлийн үед энэ өв соёлоо харлуулж, үгүйсгэдэг хүмүүс байна уу даа хэмээх хардлага олны дунд байдаг. Энэ тал дээр та өөрийн байр сууриа илэрхийлбэл?

-Ингэснээр одоо аль ч төрлийн адуугаа аль ч наадамд оруулахад орхигдуулахгүй, монгол адуу орхигдохгүй байх хэмжээнд бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа гэж боддог. Энэ бол хээрийн салхинд гандаж, хөдөлмөрлөж яваа уяач нарын бодож явдаг зүйл.  Одоо “хүүхэд уналаа, эрсдэлтэй боллоо, морь уралдсанаас болж ийм, тийм зүйл боллоо” гэсэн мессежүүд нийгэмд хүчтэй өгөгдөж байна. Би үүнд жаахан ул суурьтай, судалгаатай хандаасай гэж хувь хүний хувьд, ахуй соёлтой холбоотой зүйл хийж яваа хүний хувьд бодож явдаг. Морь уралдсанаараа яагаад тэр зам харгуйгаа сайхан засаад, зөвшөөрөлтэй наадам уралдаан зохион байгуулахад олон хүүхэд ирж байгаа нь асуудал биш байж болохгүй гэж? Улсын наадам сайхан болж байна. Аймгийн наадам сайхан болж байна. Сумын баяр наадам сайхан болж байна. Морь унаж яваад хүүхдүүд эндэж байгаа бол Өвөрмонгол руу хэчнээн хүүхэд гарч ажиллаж, морь унаж байгаа вэ. Тэнд яг Монголд байдаг шиг хүүхдийн эрх ашиг 100 хувь хамгаалагдаж чадаж байгаа юу. Тэнд эрх ашиг нь хэр зөрчигдөж байгаа вэ. Цалин мөнгөө өгч чадаж байгаа эсэх, хүний эрхийн асуудал зөрчигдөж байгаа эсэхийг бас харж үзэх хэрэгтэй. Хулгай, янз бүрийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн дунд морь унаж байгаа хүүхдүүдээс илүү хувь байгаа юм биш үү гэдгийг эрсдэлийн хувьд бодож үзэх хэрэгтэй. Энэ ойлголтын зөрөөг жаахан арилгаж, ахуй соёлоо дэмжиж, төр засаг бодлого, үйл ажиллагаагаа явуулаасай гэсэн хувь хүний бодол байна. Хааж боогоод “та нар уралдаж болохгүй, ингэж болохгүй, тэгж болохгүй” гэж хориглоод, нууцаар уралдсанаас болж янз бүрийн асуудал гарч байгаа байхгүй юу. Хурдан морио уяж, унаж, хурдлуулж, адуу малаа адгуулан маллаж, тэр ахуй соёл, хөдөө тал хээр эзэнтэй байх учиртай. Тэгэхгүйгээр “наадам болохгүй, наадам хийхээр ийм асуудал болно” гээд наадмыг хорьчих юм бол хүмүүс чинь морь уяад явна. Морь уяхыг хориглоод яах вэ. Тогтоож байгаа зүйл нь байхгүй болохоор ямар нэгэн байдлаар төв суурин газар руу чиглэсэн янз бүрийн байдал үүснэ.

-Ярилцлагын төгсгөлд миний асуугаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл байгаа юу?

-Аймгаасаа эхлээд өөрийнхөө хэмжээнд хийж, нэлээн зүйл төлөвлөсөн. Манай Дорноговь аймгийн ард иргэд, түмэн олон маш сайхан дэмжиж байгаа. Миний хувьд энэ тал дээр маш их баярлаж явдаг. Түмэн олон маань сайхан хамтраад, монголчууд маань өв соёлоо хамтдаа тээж, түгээн дэлгэрүүлж явъя. Ахуй соёл руугаа хэтэрхий их битгий дайраарай. Өвөг дээдсээс маань эрүүл саруул, бүрэн бүтнээр өвлүүлж үлдээсэн ахуй соёлыг үеийн үед сайхан авч явах ёстой. Сэвтээлгүй, тал талаасаа хамтарч ажиллах ёстой юм болов уу гэж бодож байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө