Нүүрсний гэх хэрэгт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон түүний хамаарал бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа. Тэгвэл Ганхуягийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон хөрөнгөөрөө "Жаргалант вилла" гэх хаус хотхоныг барьж мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
ВИДЕО:
Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр "Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч шалгаруулах" нээлттэй сонгон шалгаруулалтын тендер зарлаж, уг тендерийн "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн “Б” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх" тендерт “Хишиг арвин индустриал” ХХК шалгарсан байна. Сонгон шалгаруулалтын мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Уг тендерийг Үнэлгээний хорооны шийдвэрээр хүчингүй болгожээ. Харин “Хишиг арвин индустриал” ХХК тус шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Улмаар шүүхээс “Хишиг арвин индустриал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.
Гэвч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Х.Батхишигтэй "Тавантолгой ордын цанхийн баруун уурхайн “Б” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх" гэрээнд гарын үсэг зурсан байна.
Товчхондоо, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь тендерийн үнэлгээний хорооноос хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гарсан ажил гүйцэтгэх гэрээг “Хишиг арвин индустриал” ХХК-тай байгуулж, улмаар их хэмжээний авлига авсан байж болзошгүй байгаа аж. Мөн тэрбээр ийнхүү эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олсон мөнгөөрөө төрсөн эгч Б.Нарантуяагийн хүү Н.Мөнх-Эрдэнэ болон хүргэн Д.Пүрэвдорж нарынхаа нэр дээр бүртгэлтэй "Бест хаус констракшн” ХХК-иар Богд уулын Жаргалантын аманд хаус хороолол бариулж, мөнгө угаасан байж болзошгүй байгаа гэх. "Бест хаус констракшн” ХХК-ийн бүртгэлийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөнгө угааж барьсан байж болзошгүй гэгдэж буй Дархан цаазат Богдхан уулын аманд сүндэрлэсэн тухайн 22 хаус нь 211-256 м2 талбайтай, нэг бүр нь 800 орчим сая төгрөгийн үнэтэй байсан аж. Ямартай ч нүүрсний мөнгө барилгын материал болж орж ирдэг гэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг оргүй биш бололтой.