Иргэдийн жагсаалд гадаадын иргэд оролцож байгааг хүмүүс шүүмжилжээ

Иргэдийн жагсаалд гадаадын иргэд оролцож байгааг хүмүүс шүүмжилжээ

Нүүрсний хулгайчдыг ил болгож, шударга ёсыг шаардсан иргэд 13 дахь өдрөө Төв талбай дээр жагсаж байна.

Тэгвэл тус жагсаалд гадаадын зарим иргэд оролцож, лоозон барьж зогссон гэх тохиолдол гарсан. Мөн зарим иргэд гадаадын иргэд жагсаалд оролцож байгаа талаарх зураг, мэдээллийг цахим хуудаснаа оруулж, шүүмжилж байгаа юм. Тиймээс ч Гадаадын иргэн, харьяатын газраас жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сануулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өгч буй.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-т

Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан байдаг. Мөн 8.1.4-т Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглодог аж.