Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэлгүй удсанаас Х.Баттулга, Б.Ганхуяг, С.Батдөл нар хэргээ хялбаршуулж шийдэх боломжтой болжээ

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэлгүй удсанаас Х.Баттулга, Б.Ганхуяг, С.Батдөл нар хэргээ хялбаршуулж шийдэх боломжтой болжээ

Өнгөрсөн сарын 17 /2022.12.17/-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Тодруулбал, "Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох"-ыг шаардсан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газраас нэн даруй Эрүүгийн хуульд доорх өөрчлөлтүүдийг оруулсан юм. 

-ЭНЭ САРЫН 12-НЫ ӨДӨР "ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭМХЭТГЭЛ"-Д ХЭВЛЭСЭН Ч ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

Тодруулбал:

  • Хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болсны дараагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгох,
  • Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах. Тухайлбал, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар эсвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, 
  • Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар болон гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох. 

Гэвч шалтгаантай, шалтгаангүй нь бүү мэд Эрүүгийн хуульд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийг "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлээгүй бүтэн сар орчим болсны /2023.01.12/  улмаас өнгөрсөн өдрүүдэд хууль хяналтын байгууллагынханд баригдсан "нүүрсний хулгайчид" болон С.Батдөл нарыг хуучин хуулиар шийтгэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Учир нь "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэснээс 10 хоногийн дараагаас хууль үйлчилж эхэлдэг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт одоог хүртэл мөрдөгдөж эхлээгүй байна гэсэн үг. Аливаа хуулийг баталсны дараа "Төрийн мэдээллийн эмхэтгэл"-д хэвлэх ажлыг Г.Занданшатар даргатай УИХ түүний тамгын газар уг нь хариуцдаг билээ. Дээрх нөхцөл байдлаас үүдэн "ЭТТ ХК"-ийн захирал Б.Ганхуяг, яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүнтэй хамт баригдсан нэр бүхий хүмүүс мөн бусад "нүүрсний хулгайчид", УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарыг хуучин Эрүүгийн хуулиар шийтгэх нь. Бүр тодруулбал, ялын чангатгасан өөрчлөлт эдэнд огт үйлчлэхгүй нь. 

-ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БУЦАЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭХ ЗАРЧМЫН ДАГУУ Б.ГАНХУЯГ, Х.БАТТУЛГА, С.БАТДӨЛ НАР ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-

Учир нь Эрүүгийн хууль буцаж үйлчилдэггүй үндсэн зарчим бий. Тэгэхээр ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, С.Батдөл нарын одоо шалгагдаж буй хүмүүст Эрүүгийн хуульд оруулж буй дээрх бүх өөрчлөлт үйлчлэхгүй хуучин хуулиараа буюу хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх боломжтой гэсэн үг юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хууль эрхзүйн боломж байхгүй. Үйлдэл нь хэдийд эхлээд дууссаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох учиртай. Гэмт хэргийн олонлог гэж ойлголт байдаг. Үргэлжилсэн, удааширсан, давтан, нийлмэл, нэгдмэл гэмт хэрэг гэж байдаг. Тэгэхээр иргэн Б-тэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь эдгээрийн аль хэлбэрт орохыг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Гэмт хэргийн хамгийн сүүлийн дууссан үйлдлээр тооцоод, Эрүүгийн хууль аль нь хүчин төгөлдөр байсанд хамаатуулан зүйлчилнэ. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг. Процессын хэм хэмжээний тухайд буцаж хэрэглэхгүй. Уг хэргийг анх цагдаагийн байгууллага илрүүлсэн" гэж мэдэгдсэн.  Гэхдээ ямар ч хуульч, хуулийн байгууллагынхан Эрүүгийн хууль буцаж үйлчилдэггүй гэдэг тайлбарыг Б.Ганхуягийн ч, С.Батдөлийн ч кэйс дээр тайлбарлаж байгаа юм. 

Нүүрсний хэргээр шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг ЭНД, ЭНД дарж уншина уу. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө