А.Ёндонжамс: Ковидын улмаас БНХАУ-д байдаг гэртээ харьж чадахгүй гурван жил болсон хүүгээ ээж минь хараад итгэхгүй байсан /ВИДЕО/

А.Ёндонжамс: Ковидын улмаас БНХАУ-д байдаг гэртээ харьж чадахгүй гурван жил болсон хүүгээ ээж минь хараад итгэхгүй байсан /ВИДЕО/

Корона тооллын нэгдүгээр он буюу 2020 оны цар тахлын хол хорио эдийн засгийн уналт өнөөдрийн бидний амьдралд нөхөж болшгүй их өөрчлөлт уналтыг авчирсан хар жилүүд байв. Мөн энэ үеэр эх орон элгэн садангаасаа хол хэдэн жил тусгаарлагдах шаардлагатай болсон гаднын оронд суралцаж буй оюутнууд баггүй айдас сэтгэлийн зовуурьтай хэдэн жилийг өнгөрөөлөө. Тэд хэдийгээр чимээ аниргүй цар тахлыг даваад гарсан ч дасал болсон анд нөхөд, төрж өссөн нутаг, идэж сурсан унд, ижий, ааваасаа хол байна гэдэг амаргүй даваа биз ээ.

Тэгвэл дээр дурдсан цар тахлын он жилүүдэд Хятадын бодлогын улмаас Монголд гацсан нэгэн Өвөр Монгол оюутан саяхан эх нутгаа зорьж, ижий, аавынхаа сэтгэлийг дэвтээж буй сэтгэл хөдөлгөм бичлэг цахим сүлжээнд цацагдав. Иймд бид энэ удаагийн Social ID буландаа тус бичлэгийн эзэн СУИС-ийн ТУС-ийн магистрын ангийн оюутан А.Ёндонжамсыг онцлон ярилцлаа.

ВИДЕО:

Бичлэгт гэртээ очиж амжихгүй гэж байсан хүү гэнэтийн шийдвэрээр гэрийнхэндээ бэлэг барихаар очих бөгөөд ах, эгч, найз , нөхөдтэйгөө уулзаж баярлаж явсаар эцэст нь төрсөн гэртээ очих үед түүний ээж итгэж чадахгүй хэсэг нэг байрандаа хүүгээ харж зогсож байгаа нь харагдана. Түүнчлэн Эрээн, Замын-Үүд боомтуудын өөрчлөлт, Өвөр Монгол соёлыг цухас дурдах юм.

-ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ОЧИХОД ГЭР ОРОН ХОТУУД, ЗАМЫН ЗЭРЭГ ИХ ӨӨРЧЛӨГДСӨН БАЙСАН-

Түүний хувьд 2020 онд Монгол Улсад ирж, сургуульдаа сурах явцдаа цар тахлын хүндхэн дэглэмүүдтэй нүүр тулж, гэртээ очилгүй гурван жил болжээ. Тэрбээр энэ талаар ярихдаа "Мэдээж гэрээ санаж байсан ч Монголд хөл хорио харьцангуй гайгүй байсан учир эдгээр жилүүдэд томоохон тэмцээнд орж, бакалавраа төгсөж, уран бүтээл хийж амжсан. Мөн юмны үнэ хэт өсөх гэх мэтчилэн асуудлууд байсан ч миний хувьд алдагдалтай гэхээс илүү ололттой жилүүд өнгөрсөн" хэмээв. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-БИ ЭЭЖИЙГЭЭ УЙЛАХ БОЛОВ УУ ГЭЖ БОДОЖ БАЙСАН Ч ХҮН ГАЙХАХААРАА УЙЛАХАА МАРТДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ-

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Алтанлуугийн Ёндонжамс гэдэг. Би ӨМӨЗО-ы Алшаа Баруун хошуугаар нутагтай. Одоо Монгол Улсын СУИС-ийн Театр урлагийн сургуульд жүжигчин, найруулагч мэргэжлээр магистрт сурч байгаа оюутан байна.

-Гэртээ харьж буй бичлэгийн талаар яриагаа эхэлье. Харихгүй гэж шийдсэн байсан гэсэн шүү дээ. Яагаад гэнэт явах болов?

-Тиймээ. Би уг нь нутагтаа ирэх боломжгүй байсан юм. Ажил, хичээл нэлээд байсан. Тэгээд виз авахаа больсон. Шууд оршин оршин сууж байгаа хүн орж гарч болно гэхээр нь бодож байгаад цаг алдахгүй юм байна. Тэгвэл ер нь явъя гээд багшдаа хэлээд гарч ирсэн. Тэгээд вагоноор нэг өдөр яваад л Эрээн хотод хүрсэн.

-Замд тааралдсан сонирхолтой зүйлсээс хуваалцвал?

-Сонирхолтой гэвэл Замын-Үүд их өөрчлөгдсөн байсан. Хуучин барилгуудаа бүгдийг нь гоё шинэчлээд янзын гоё болсон байсан. Тэгээд Хөх хот их гоё болсон байна лээ. Гэртээ ирэхэд бас манай гэрийн хашаа, барилга, байшин шинээр нэмэгдсэн байсан. Гурван жил гэртээ ирээгүй их өөрчлөгдсөн байна лээ. Бусад зүйлс байдгаараа л байсан даа.

Мөн юмны үнэ Монголд нэлээн нэмэгдсэн ч энд гайгүй байсан. Монголоос гэртээ ирэх хүртэл замын зардал нийт 200 мянган төгрөг л болсон.

-Найзууд гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

-Олон хүнд сюрприз, гэнэтийн бэлэг барьсан. Замд явахдаа их догдолж байсан. Эгч ах нар маань мэдээж их сайхан хүлээж авсан. Бүгд их баярласан. Гэрээ очиход ээж бүр шоконд ороод бараг хоёр минут гаран гайхсан. Хүүе миний хүү. "Миний хүүхэд ирсэн байна шүү дээ" гэж хэлээд зогсоод байсан. Би уг нь ээжийг уйлах байх гэж бодож байсан чинь хүн сандрахаараа шоконд орохоороо хүн уйлахаа мартдаг юм байна лээ.

-АНХ УЛААНБААТАРТ ИРЭЭД ВАГОНООС БУУХАД ХАРСАН БҮХ ХҮН МОНГОЛ БАЙГАА НЬ НАДАД ХАМГИЙН ГОЁ САНАГДСАН-

-Цар тахлын хол хорионы хугацаанд Монголд юу хийв?

-Гурван жилийн хугацаанд тэмцээнд /My voice/ шоунд орсон. Бакалаврын уран бүтээлийн тайлан тавьж, төгссөн. Тэгээд дахин магистрт сурсан. Энэ хугацаандаа бас шинэ шинэ уран бүтээл хийсэн. Юмны үнэ өссөн. Гэхдээ энэ хугацаанд надад алдагдлаас илүү ололт их байсан.

Тэрбээр 12 дугаар ангиа төгсөөд СУИС-д шалгалт өгч 2017 онд элсэн оржээ. Улмаар 2021 онд бакалавраа төгсөж өдгөө үргэлжлүүлэн магистрт суралцаж байгаа юм. Тэрбээр "Би 2017 оны наймдугаар сарын 30-нд анх Улаанбаатарт буусан. Тэгээд надад хамгийн гоё санагдсан нь вагоноос буугаад, хаашаа ч харсан Монгол хүн байсан. Талбай /зээл/ шүүрддэг хүнээс эхлээд автобусны ах, таксины ах, түц ороход бүх юм Монгол байх. Тэр нь надад бүр маш гоё санагдсан" гэдгээ онцлон дурдаж байв.

-Сургуулиа төгсөөд Монголдоо ажиллах бодол байгаа юу?

-Монголдоо ажиллан гэж бодож байгаа. Энэ удаа нутагтаа ирж, аав ээжтэйгээ уулзсан бас нэг зорилго маань гэвэл "Монголдоо үлдэх санаатай байгаа. Монголдоо амьдрах" энэ тухайгаа аав, ээждээ ойлгуулж бид ярилцахаар ирсэн.

-Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

-Би одоо зургаа дахь жилдээ суралцаж байна. Манай ангийнхан яг төрсөн ах дүү шиг нэг нэгэндээ дассан. Тэр орчиндоо ч би өөрөө их дассан. Манай анги ч гэлтгүй СУИС-ийн хүүхдүүд ер нь биднийг их сайхан хүлээж авдаг. Ойлгож тусалдаг байсан. Тэр нь их элэгсэг дотно санагддаг. Тэгээд Монголдоо үлдэж, тэндээ ажил хийж амьдаръя гэдэг шийдвэрийг гаргасан юм.

Мөн тэрбээр суралцаж байх хугацаандаа хэд хэдэн дуу бичүүлж, уран бүтээл болгожээ. Удахгүй түүний анхны уран бүтээлээ цацагдах аж.

-Монголд очиж суралцан гэхэд гэрийнхэн болон ах дүү нар нь яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж сайхан хүлээж авсан. Ер нь манай Өвөр Монгол оюутнуудын хувьд Монголд суралцах нь мөрөөдөл зорилгын нэг хэсэг байдаг. Яах ч арга үгүй энэ газарт бидний удам угсаа, өвөг дээдэс байсан шүү дээ. Аав, ээжийн хувьд ч гэсэн Монгол руу явахыг их дэмждэг. "Монгол урлагаа сур, Монгол өв соёл бүх юм аа сураад ир. Ямар гоё газар байсан юм байна. Миний хүү очиж үзээд ир. Нүд тайл. Хүнтэй танилц" гэж явуулж байсан.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.