Нийслэлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадтай хамтран "ухаж”, LRT төсөлдөө санхүүжилт босгохоор Д.Сумъяабазар БНХАУ-ыг өнөөдөр зорьж байна

Нийслэлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг Хятадтай хамтран "ухаж”, LRT төсөлдөө санхүүжилт босгохоор Д.Сумъяабазар БНХАУ-ыг өнөөдөр зорьж байна

Улаанбаатар хотын эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордын хайгуулыг 6 тэрбумаар хийлгэж, олсон орлогоор нь LRT буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төсөл зэргийг санхүүжүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордын хайгуулын тендерт "Говькараван" ХХК, "Голденхилл" ХХК, "Нэгүүндриллинг" ХХК, "Эм Жи Эл Ди" ХХК, "Эрдэнэдрийлинг" ХХК, "Диамондповдер" ХХК оролцсон байна. Гэвч тус компаниуд "Захиалагчийн тогтоосон чадавхын шаардлагыг хангаагүй" гэх үндэслэлээр хасагджээ. Тиймээс дээрх тендерээс татгалзаж тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн эзэмшлийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км-ийн зайд байрлах "Эрдэнэс Баянбогд" коксжих нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад БНХАУ-тай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор тэрбээр НИТХ-ын зарим төлөөлөгч болон сэтгүүлчдийн хамтаар өнөөдөр /2023.02.09/ БНХАУ-ын Бээжин хотыг зорьж байгаа ажээ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр 3 тэрбумын нөөцтэй гэгдэж буй дээрх нүүрсний ордыг эргэлтэд оруулах ажлыг БНХАУ-тай хамтран гүйцэтгэх санал тавих аж. Хэрэв БНХАУ-ын тал Д.Сумъяабазар даргын саналыг дэмжиж, "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг хөрөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулбал олсон хөрөнгөөр нь Улаанбаатар хот "LRT" зэрэг төслүүдээ санхүүжүүлэх юм. Харин тэд "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг БНХАУ-аар хөрөнгөжүүлснийхээ хариуд юу амлах бол гэдэг нь анхаарал татаж, асуултын тэмдэгтэй үлдэж байна.  

-"БАГАНАН ТУЛГУУРТ ГАЛТ ТЭРЭГ"-ТЭЙ БОЛНО ГЭЭД БҮТЭЛГҮЙТСЭН КАЗАХСТАНЫ ТҮҮХИЙГ Д.СУМЪЯАБАЗАР ДАВТАХ УУ -

Сонирхуулахад, Казахстан улс 2011-2020 оны хугацаанд 61,1 километр үргэлжлэх LRT буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг анх 2,3 тэрбум ам.долларт хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн юм. Учир нь Казахстан улс анх “баганан тулгуурт галт тэрэг”-ний төслөө Франц компанитай хамтарч барихаар төлөвлөсөн ч бүтэлгүйтэж, замын уртыг нь 22,4 километр болгон багасгаж, үүндээ БНХАУ-тай хамтарч, тус улсаас 2,5 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай 1,4 тэрбум ам.долларын зээл авч, Засгийн газар нь баталгаа гаргасан ч төсөл нь бүтэлгүйтэж, ашиглах боломжгүй олон тооны тулгуурт баганатай үлдсэн байдаг.

Казахстан улс “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн тул ийнхүү ашиглах боломжгүй балгас болон үлджээ

Харин манай хотын дарга Д.Сумъяабазар анх “БНХАУ-аас 2-3 тэрбум ам.долларын зээл авч Нисэх-Яармагаас-Сансрын төв зэрэг гурван чиглэлд 50 километр орчим үргэлжлэх “баганан тулгуурт хөнгөн галт тэрэг”-ийг барина гэсэн ч УИХ-аас түүнд дэмжлэг үзүүлээгүй юм. Иймд тэрээр нийслэлийн эзэмшилд байдаг "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг БНХАУ-ын талтай хамтран эргэлтэд оруулж, мөнгө босгоод LRT төслөө хэрэгжлүүлэхээр болсон бололтой.