ВИДЕО: Хээрийн амьтанд хөөгдөж, шархтсан бугын илийг малчин айл тэжээж эдгээгээд, хавар сүрэгт нь тавих ажээ

ВИДЕО: Хээрийн амьтанд хөөгдөж, шархтсан бугын илийг малчин айл тэжээж эдгээгээд, хавар сүрэгт нь тавих ажээ

Эхээсээ төөрч эрүүн доороо шархтсан бугын илий зэрлэг амьтанд хөөгдсөн байдалтай малчин айлын хотонд очжээ. Улмаар малчин н.Баасандорж мал сүргийн хамт саравчиндаа тэжээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг Улаан-Өндөр гэдэг газарт 2022 оны арван дүгээр сарын 23-ний өдөр хээрийн амьтан /чоно, үнэг зэрэг махчин/-д хөөгдөж эрүүн доороо шархтай бугын илий буюу төлийг тус багийн нутагт өвөлжиж буй малчин н.Баасандорж тэжээж тэнхрүүлж байгаа юм. Мөн тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын байгаль хамгаалагч газар дээр нь ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, тус амьтныг тэжээхэд шаардлагатай өвсийг хүргэж өгчээ. Тэгвэл бид энэ талаар Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажаваас тодрууллаа.

Тэрбээр "Дорнод аймгийн Баян-Уул сумын хоёрдугаар багын нутагт иргэн н.Баасандоржийн гадаа эрүүн доороо шархадсан, зэрлэг амьтанд хөөгдсөн байх магадлалтай эхээсээ төөрсөн бугын илий буюу төл ирсэн. Улмаар хоёрдугаар багын малчин иргэн н.Баасандорж гэртээ малтайгаа хамт өвөлжөөндөө буюу хашаа саравчиндаа тэжээж байна.

Ингэхдээ илий ирлээ гэх мэдээлэл өгсний дагуу Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар болон сумын байгаль хамгаалагчид хамтран тус айлд тухайн үед очсон. Бид илийний нөхцөл байдлыг үзэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн тэжээх шаардлагатай өвс тэжээл, хужир, сүү тавьж, биотехникийн арга хэмжээ авсан. Одоогоор эрүүнийх нь шарх бүрэн эдгэрсэн. Онд эсэн мэнд орсон байдалтай байна. Хавар тавдугаар сард ногоо гарсны дараа тус бугын элийг буга олноор нутагшиж байгаа. Айл амьтнаас хол газар сонгон зэрлэг байгальд нь тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.

ФОТО: