АНУ-ын Флорида мужийн Палм-Бич тойрогт арваннэгдүгээр сарын 1-нд хувийн нисэх онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алджээ.
Тодруулбал, Learjet 60 загварын онгоц орон сууцны хороолол бүхий Крестхейвен (Cresthaven) орчимд орон нутгийн цагаар 12:50 цагийн үед осолдсон байна. Онгоц Техас мужийн Остин хотоос хөөрч, Багамын арлуудын Норт-Элеутера нисэх буудлыг чиглэн нисэж байжээ.
Ослын улмаас онгоц замын хажууд унаж, хүчтэй дэлбэрсэн бөгөөд ослын газарт том хэмжээний тогоо үүссэн байна. Мөн ойролцоох зөөврийн орон сууцны хорооллын 600 орчим оршин суугчийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлж, хоёр түр байрлах төвд байрлуулахаар болжээ.
Уг ослын өмнө нисэх баг агаарын хөдөлгөөний удирдлагын төвд мөстөлт, дунд зэргийн хүчтэй агаарын донсолгоотой тулгарч байгаагаа мэдээлж, илүү тогтуун агаарын урсгалд орох хүсэлт тавьжээ. Үүнээс нэг минут хүрэхгүй хугацааны дараа нисгэгч “Mayday” буюу аюулын дуудлага өгч, онгоц минутанд 10 мянган футын хурдтай огцом доошилж байгааг мэдэгдсэн байна. Улмаар өндрийн алдагдлын хурд минутанд 20-22 мянган фут хүрч, нисгэгчид газарт унах гэж байгаагаа мэдээлжээ. Нисэх багийн бүхээгээс сонсогдсон хамгийн сүүлийн үг “Бидэнд цаг үлдсэнгүй” байсан талаар Reuters агентлаг дурдсан байна. Нислэгийн мэдээллийг хянадаг Flightradar24 сайтын мэдээллээр онгоцны доошлох хурд нэг үед минутанд 32 мянган футаас давсан гэжээ.
АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Ослын үед тухайн бүс нутагт аадар бороо, аянга цахилгаантай байсан гэж цаг уурын AccuWeather байгууллага мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters