Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

Д.Сугар нар “Цэцийн дарга”-д Г.Баясгаланг томилуулъя гэсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга “эмэгтэй” гишүүдээсээ сонго гэжээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тус улсын хуулиар 7 сая вонын торгууль төлж, мөн Korean air компанийн онгоцоор насан туршдаа нисэх эрхээ хасуулсан шийтгэлд унасан. 

Тэрээр өнгөрөгч долоо хоногийн Лхагва гарагт Монголд ирсэн ч үүнийгээ ихээхэн нууцалж байсан юм. Харин Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргаас нь огцруулах асуудлаар өнгөрсөн Баасан гарагт цэцийн зургаан гишүүн, түүнийг байлцуулан хуралдсан ч Д.Одбаяр "Миний асуудал хоёр улсын хоорондын харилцаа болж байгаа. Солонгосын тагнуулын байгууллагаас миний бичлэгийг зориуд хийсэн энэ тухайгаа ҮАБЗ-д танилцуулна. Хэрэв миний энэ байдлыг ашиглаж, намайг цэцийн даргаас огцруулах гэж байгаа бол санасны чинь гарз. Би огцрохгүй нам /МАН/-ын удирдлагуудтайгаа уулзана" гээд хаалга саван гарсан тухай мэдээлэл байгаа юм. 

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН, ДАРГА АСАН Ж.АМАРСАНАА, Д.СУГАР “ЦЭЦИЙН ДАРГА”-ААР Г.БАЯСГАЛАНГ БОЛГОЁ ГЭЖЭЭ-

Харин Үндсэн хуулийн цэцийн даргад хэнийг томилох тухай яриа, тохироо аль хэдийн эхэлсэн байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн даргаасан Ж.Амарсанаа, гишүүн асан Д.Сугар нарын хуучин цэцийн гишүүд “Хэрэв Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалдаа үлдэж чадахгүй бол түүний оронд Г.Баясгаланг томилуулъя” гэж МАН-ын удирдлагууд болоод нөлөө бүхий УИХ-ын гишүүдэд уламжилсан талаар эх сурвалж мэдээлж байна. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн цэцийн даргаар цэцийн гишүүд аль нэг эмэгтэй гишүүнээ сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Одоогийн Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүд дотор “Д.Солонго, Ш.Солонго” гэсэн хоёр эмэгтэй гишүүн байгаа юм. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын “цэцийн аль нэг эмэгтэй гишүүнээ цэцийн даргаар томил” түүний байр суурь хэрэгжвэл дээрх хоёр эмэгтэйн аль нэг нь Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдох нь ээ.

Учир нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж томилдог бол Цэцийн даргыг цэцийн гишүүдийн олонхийн саналаар сонгодог юм. 

-БНСУ-ЫН ТАЛ “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН
МЭДЭЭ”-НД ЭМЗЭГЛЭЖЭЭ-

Цэцийн дарга Д.Одбаяр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна тухай мэдээлэл гарсан даруйд /2019.11.01/ Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэл гаргаж,  “Цэцийн дарга Д.Одбаярын  явсан нислэгийн үеэр түүний арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн билээ. 

Харин Үндсэн хуулийн цэцээс гаргасан хэвлэлийн тус мэдэгдэлд БНСУ-ын хуулийн байгууллага ихээхэн эмзэглэсэн байна. Учир нь “Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг манай улс хэлмэгдүүлээгүй. Түүнийг үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтаар хангалттай бүрдсээр байтал. БНСУ-ын хуулийн байгууллага хэн нэгнийг хэлмэгдүүлдэг мэт ийм хариуцлагагүй мэдэгдэл гаргаж байгаад ихээхэн харамсаж байна” гэсэн утгатай мэдээллийг манай улсын зохих төрийн байгууллагуудад ирүүлжээ. 

Ямартай ч өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр хэвлэлийн хурал хийнэ гэсэн зарыг тус газрын хэвлэлийн байгууллагуудад хүргүүлсэн. Мөн өнөөдөр16 цагт Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг зарласан байна. Энэ хуралдаанаар Цэцийн дарга Д.Одбаярт холбогдох асуудлыг хэлэлцэнэ гэжээ. 

Үндсэн хуулийн цэцийн даргаар хэнийг сонгох нь зөв бэ?

Нийт: 3 саналтай