Энэ долоо хоногт Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Энэ долоо хоногт Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл бямба гаригт (2019.11.16) хуралдаж, шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. УИХ-ын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Л.Даваасүрэн нарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс саарал жагсаалтад орсонд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. 

Энэ дагуу энэ сарын 9-ны чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.

Завсарлага авсан шалтгааны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлахдаа "Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үгийг сонсоно. Тэдний юу хэлэхийг нь сонссоны дараа огцруулах асуудлыг нь чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ" гэсэн юм. 

Тэгвэл мягмар, лхагва гаригт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж товлосон ёсоор тэдний асуудлыг хэлэлцэх нь. 

Сануулахад, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ил захидал бичиж ажлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн бол СЗХ-ны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ.