“Хариуцлагатай бичил уурхай” форум боллоо

“Хариуцлагатай бичил уурхай” форум боллоо

Өнөөдөр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙ” сэдэвт форумыг уг төслийн хаалтын хүрээнд амжилттай зохион байгууллаа. Уг форумоор Тогтвортой бичил уурхай төслийн үр дүнг танилцуулан бичил уурхайн талаар баримталж буй бодлого, түүний үр нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэн шийдвэрлэж болох асуудлын талаар хэлэлцэв.

Форумыг нээж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсад бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхайг зохион байгуулах, албажуулах чиглэлээр 2005 оноос эхлэн санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Швейцарийн хөгжлийн агентлагийн удирдлага, Тогтвортой бичил уурхай төслийн хамт олонд Уул уурхайн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бичил уурхайн асуудлыг төр, засаг анхааралдаа авч холбогдох хууль тогтоомжид тусгасан, тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтууд, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд, УУХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг баталсан. Журмыг боловсронгуй болгоход олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахад төслийн дэмжлэг оролцоо чухал байсныг тэмдэглэх хэрэгтэй” гэлээ.

Мөн Монгол Улсыг хавсран суух Швейцарын холбооны Улсын Элчин сайд Бернардино Регацциони хэлэхдээ “Монголын бичил уурхайн салбар тогтвортой болгосноор манай төсөл ингээд дуусгавар болж байна. Цаашид Монголын Улсын Засгийн газар болон бусад хамтрагч талууд энэ салбарыг өөрсдийн холбогдох чиг үүргээр хамтран ажиллана гэдэгт Швейцар Улс болон Швейцарын хөгжлийн агентлаг итгэж байна” гэлээ.

Форумд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХЭҮК, Монголбанк, АМГТГ, ҮСХ зэрэг төрийн байгууллагууд, бичил уурхай бүхий аймаг, сумдын удирдлага, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, сургалтын байгууллага, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, орон нутгийн бичил уурхайчдын төлөөлөл болон Монгол Улсад суугаа дипломат албаны байгууллагууд, Элчин сайдууд зэрэг нийт 250 гаруй хүн оролцлоо.