Б.Бат-Эрдэнийг огцруулах акцыг МАН-ын хэсэг бүлэг нөхөд зохион байгуулж буй бөгөөд тэргүүнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байгаа гэв

Б.Бат-Эрдэнийг огцруулах акцыг МАН-ын хэсэг бүлэг нөхөд зохион байгуулж буй бөгөөд тэргүүнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байгаа гэв

Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Э.Баттулгатайгаа “хамтарч ажиллах боломжгүй” гэх агуулгаар ЗГХЭГ-т өргөдөл өгч улмаар өнгөрсөн лхагва гарагийн /2023.03.15/ Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийн өргөдлийг хэлэлцэж, Э.Баттулгыг ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

-Б.БАТ-ЭРДЭНЭ НЬ 300 ОРЧИМ ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР БУСДАД ОЛГОСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ-

Тэд эртнээс таарамжгүй харилцаатай байсан гэх бөгөөд Э.Баттулга нь Б.Бат-Эрдэнийгээ шалгуулахаар түрүүлж өргөдөл өгсөн байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Тодруулбал, тэрбээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хууль зөрчиж олгосон 300 орчим газрын асуудал, томилгоо, халаа сэлгээ зэрэг хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар хандаад байсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл тэдний энэхүү зөрчил хурцдаж Б.Бат-Эрдэнийг огцруулахад хүргэж буй аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Баттулга нь яамны архив, бичиг хэргийн ажилд өөрийн хүнээ томилуулсан байж. Харин тус ажилтан Э.Баттулгыг чөлөөлөгдөхтэй зэрэгцэн Б.Бат-Эрдэнэтэй холбоотой бүх бичиг баримтыг хуулбарлан авч явсан байна. Тэдний авч явсан баримтад өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан “Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт газар олгосон” гэх баримт байжээ. Тэгэхээр энэ нь зөвхөн эхлэл гэх бөгөөд илүү ноцтой баримтууд Э.Баттулгын гарт байгаа бөгөөд ээлж дараалан дэлгэж магадгүй аж. Тиймээс өөртэй нь холбоотой мэдээлэл дэлгэгдэнэ гэдэгт Б.Бат-Эрдэнэ сандарч, яаран хэвлэлийн хурал хийсэн нь ч үүнтэй холбоотой байж мэдэх юм. Б.Бат-Эрдэнийг огцруулах ажлыг МАН-ын хэсэг бүлэг нөхөд зохион байгуулж буй бөгөөд тэргүүнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байгаа талаар улстөрийн хүрээнд ярьж байна. Учир нь У.Хүрэлсүх нь Б.Бат-Эрдэнэд дургүй гэдгийг МАН-ынхан дотооддоо нээлттэй ярьдаг. Ерөнхийлөгчийн оролцоог тамгын газрын дарга нь гар, биеэр хэрэгжүүлж яваа бөгөөд үүнд нь Өвөрхангайн фракц нэмэгдэж, Д.Тогтохсүрэн нэлээн “жин” нэмж байгаа аж.

-Г.ЗАНДАНШАТАР Б.БАТ-ЭРДЭНИЙГ ХАМГААЛЖ БАЙНА-

Учир нь Э.Баттулгын эхнэр П.Бундаа нь Д.Тогтохсүрэнгийн хамаатан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ажилладаг юм. Харин огцруулах эрх бүхий Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд харьцангуй ажиглалтын байдалтай байгаа бол улстөрд ойр гэгддэг үргэлж хамгаалдаг УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Бат-Эрдэнийг авч үлдэхээр хөшигний ард ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт газар олгосон асуудлаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг байр, сууриа илэрхийлэхдээ “Уугуул иргэд гэсэн хууль зүйн ойлголт одоогоор манай хууль тогтоомжид байхгүй” гэж бичжээ. Төрийн нарийн бичгийн дарга танхимын сайдынхаа мэдээллийн эсрэг зүгээр нэг ингэж бичихгүй бөгөөд энэ нь Б.Бат-Эрдэнийг огцруулах зохион байгуулалт илүү өргөжиж буйг илтгэж буй үйлдэл гэж харж болохоор байна.