Жилд 6 сая цахилгаан автомашин хийхэд хүрэлцэх “зэс”-ийг олборлох Оюутолгойн уурхай Монголын ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн итгэлтэйгээр нээгдэв

Жилд 6 сая цахилгаан автомашин хийхэд хүрэлцэх “зэс”-ийг олборлох Оюутолгойн уурхай Монголын ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн итгэлтэйгээр нээгдэв

Энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн бол, 2022 оны нэгдүгээр сард хийсэн “хэлэлцээр”-ийн хүрээнд Оюутолгой гүнийн уурхай даваа гараг /2023.03.13/-т ашиглалтад орлоо. Газрын гадаргаас 1,3 км-ын гүнд баригдсан Оюутолгойн гүний уурхай дэлхийд 4-рт бичигдэж байгаа “том уурхай” гэдгийг гадаадын хэвлэлүүд онцолж байна.

Сонирхуулахад, 2022 оны нэгдүгээр сард хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюутолгой ордод эзэмших Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсан юм. Үүнд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар чухал үүрэг гүйцэтгэсэн. Ингэснээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилж, ийнхүү энэ долоо хоногт ашиглалтад орлоо.

-ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙГААС ОЛБОРЛОХ “ЗЭС” ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ГОЛ ОРЦ ГЭДГИЙГ ОНЦЛОВ-

Оюутолгойн гүний уурхайн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар оролцсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгойн гүний уурхайн зэсийн баяжмал нь цахилгаан автомашины үйлдвэрлэл, дэвшилтэд технологийн эрин үед оруулж байгаа Монгол Улсын бодит хувь нэмэр” гэдгийг онцолсон бол “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Гүний уурхай жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх зэс нийлүүлнэ” гэсэн юм.

Оюутолгой компани 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн бол гүний уурхай ашиглалтад орсноор жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Харин “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал, “Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо” хэмээн онцолж байв.

Оюутолгойн гүний уурхайн нээлт. 2023.03.13

ГҮНИЙ УУРХАЙН АЖИЛД “ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ЧУХАЛ ГЭДГИЙГ “РИО ТИНТО”-ЫН ТАЛ ОНЦОЛЖ БАЙВ-

Нийт нөөцийнхөө 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор баялагтаа эзэн байх гэсэн монголчуудын хүсэлтийг хэрхэн хангаж, хэдий хэмжээний ашиг өгөх бол гэсэн хүлээлт, асуулт олон иргэдийн дунд байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгойн гүний уурхай жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчууд бидний олон жилийн мөрөөдлийг бодитой ажил болгож, цаг хугацааг наашлуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Харин Оюутолгой төслийг хамтран хэрэгжүүлэгч Рио Тинто групп монголд өгөх өгөөжийн талаар “тоо хэлээгүй” ч “хамтын ажиллагаанд тогтвортой байдал чухал” гэдгийг онцолж байв.

Энэ талаар “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдана. Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно. Монгол Улс цаашид тогтвортой, бүх хүнд тэгш боломж олгох хөгжлийг товхинуулах хязгааргүй чадвартай гэдэгт би эргэлздэггүй” гэсэн юм. Харин зарим судлаачид, “Оюутолгойн гүний уурхай” Монголд ашгаа ойрын 3-5 жилдээ өгөхгүй. Учир нь монголын талын 34 хувьд ногдох гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардлаа олох гээд Рио Тинтогийн хийсэн тооцоолол байгаа гэж буй юм.

Ямартай ч монголчуудын хувьд өндөр хүлээлттэй, харин “Рио Тинто” группийн зүгээс Монголд өгөх ашгийн талаар “тодорхой амлалт өгөхгүй”-ээр дэлхийд 4-рт орох Монголын гүний уурхай ашиглалтад орлоо.