ТАНИЛЦ: “Монгол цэргийн өдөр”-ийн ач холбогдол

ТАНИЛЦ: “Монгол цэргийн өдөр”-ийн ач холбогдол

2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр хэмээх тавдугаар зүйлд "Жагсаалтад дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ" хэмээгээд 5.1.2-д Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18-ныг нэрлэсэн байдаг.

Тэгвэл тус өдрийн ач холбогдлын талаар Монголын түүхийн тайлбар толь "mongoltoli.mn"-д тольд "Хиагтын тулалдаан" нэрээр "1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын эхлэл, анхны ялалт" хэмээн товч тодорхойлсон байна.

Харин дэлгэрүүлсэн тайлбарт "Зөвлөлт Засгийн газартай хэлэлцээр хийсэн МАН-ын төлөөлөгчид “Хятадын эзэрхийллээс ангижрах тэмцлийг монголчууд өөрийн хүчээр хийх”-ээр тохирч зэвсэг, санхүүгийн тусламж авчээ. 1921 оны 3 сарын 6-7-нд хуралдсан Ардын намын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаас Хиагтыг чөлөөлөх шийдвэр гаргав. Цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулах, цэргийг шилжүүлэн байрлуулах, байлдааны болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангах ажлыг шуурхайлан хийж, бэлтгэл бүрэн хангагдсан тухай жанжин Д.Сүхбаатар 3 дугаар сарын 14-нд АТЗГ-т илтгэжээ. Хотыг байлдаангүйгээр өгөхийг шаардсан бичигт хятадын цэргийн командлал хариу өгөөгүй тул 18-ны өглөө Хиагтыг дайлаар орохыг тушаасан ёсоор жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нар 17-ны орой цэргийн ангиудыг Алтангаас хөдөлгөж, 18-ны өглөө байлдааны районд ирж байрлал эзэлжээ. Хиагт хот, түүний орчимд байсан 12 пулемёт, 7 их буутай 2000-аад хятад цэргийн эсрэг 2 их буу, 4-5 пулемёт бүхий 400 орчим хүнтэй ардын журамт цэргийн довтолгоон өглөөний 09.00 цагийн хэрд эхэлж, дундаа завсарлагатайгаар өрнөн, үдэш болтол үргэлжилж, эсэргүүцэн няцааж үл чадсан хятад цэргүүд хотоос гарч Ивцэг, Бөхлөөг чиглэн зугтжээ. Үүгээр Хиагтын байлдаан үндсэндээ дуусч, хотыг хамгаалан харуул манаа тавьж хоносон ардын журамт цэрэг 19-ний өглөө эрт хотод оржээ. Г.Бумцэнд, Д.Нанзад нарын ангиуд гаминг нэхэн байлдаж устгав. Ардын журамт цэрэг богино хугацаанд хохирол багатайгаар ялалт байгуулж, төрөл бүрийн буу 120, пулемёт 9, бөмбөг 84, сэлэм 80, сум 26000, тэрэг 5 зэрэг нэлээд зүйлийг олзлон авчээ. Хиагтын байлдаан нь харийн цэргийг эсэргүүцэн тэмцэх зэвсэгт хүч Монгол оронд буй болсныг илтгэн харуулж,түшиц газартай болсон АТЗГ нутаг орондоо төвхнөн, эрх үүргээ хэрэгжүүлэх бололцоо бүрдэв. Эл байлдаан журамт цэргийн цэргийн сүр хүч, эгнээ өргөжих явдлыг мөн тодорхойлжээ. Хятад цэргийг хөөн зайлуулсан мэдээ чимээ түргэн зуур түгэн тархаж, нутгийн ард олон цэргийн хүчийг зузаатгахад бүхий л зүйлээрээ хүчин тусалж эхэлсэн байна. АЖЦ-ийн ялалт ард түмнийг тэмцэлд зоригжуулсан үйл явдал болж, Хиагтын ялалтаар 1921 оны хувьсгал эхлэв. (Н.Хишигт)" гэжээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө