Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцээд  хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Бусад улсыг харахад Төвбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь тогтвортой ажилладаг албан тушаалууд. Нэгийг нь улс төрийн мөчлөгөөс зөрүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Ингэснээр банк санхүүгийн салбарын бие даасан байдал руу халдахгүй байх, ялангуяа мөнгөний бодлогыг тогтвортой байлгахад чиглэгддэг. Гэтэл одоо мөчлөгдөө хүрэхгүй солигдож байна. Би үүнд санаа зовж байна. Хөгжингүй орны төв банкны удирдлага солигдоод байдаггүй. Гэтэл манайх эсрэгээрээ байх юм. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Би хувьдаа их харамсаж байна. Н.Баяртсайхан өөрийн өргөдөлдөө үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж байсандаа баяртай байна гэж байна. Би ч нэр төртэй биелүүлсэн гэдэгт санал нэг байна. FATF-ын дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй гэдэг шалтгаанаар саарал жагсаалтад оруулсан. Энэ дөрвөн асуудлын аль нь ч Монголбанктай холбоогүй байгаа. Бусад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар саарал жагсаалтад орсон. 2016 онд Монгол Улс дампуурлын ирмэг дээр ирсэн. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд, Н.Баяртсайхан дарга дампуурлаас гаргах ажилд гар бие оролцож байсан. Ийм нөхцөл байдлаас аварсан хүмүүстээ хариуцлага тооцно гэж яриад байх юм. Өмнө нь Н.Баяртсайхан ерөнхийлөгч ил захидалдаа асуудлаа яръя гэж байсан. Гэтэл яагаад яриулахгүй байгаа юм бэ. Асуудал мэдэж байгаа хүмүүсээсээ асуусан дээр юм биш үү. Шахсаар байгаад өргөдлийг нь өгүүлсэн байж таарна. Эдийн засагт нэлээд ахиц дэвшил гарч байгаа. Валютын нөөц сүүлийн хоёр жил дөрөв дахин өссөн. Алдагдал 1.5 их наядаар буурсан. Төрийн мөнгөний бодлогыг их хурал баталдаг. Мөнгөний бодлоготой холбоотойгоор хариуцлага тооцож байгаа бол буруу шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Нэлээд дэлгэрэнгүй сонсож ярилцсан. Эдийн засгийн өсөлтүүд, төсвийн алдагдал буурсан олон эерэг үзүүлэлт байгаа боловч саарал жагсаалтад орсон нь банк санхүүгийн байгууллагын хяналт шалгалттай холбоотой асуудал гэдгийг олон хэлсэн. Тиймээс өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө