Д.Лхагва залуу тамирчдыг Солонгосын мэргэжлийн боксчидтой “халз тулаан” хийлгэхээр авч явсан бөгөөд тэдний нэг нь БНСУ-ын эмнэлэгт ухаангүй байна

Д.Лхагва залуу тамирчдыг Солонгосын мэргэжлийн боксчидтой “халз тулаан” хийлгэхээр авч явсан бөгөөд тэдний нэг нь БНСУ-ын эмнэлэгт ухаангүй байна

Korea Boxing East (KBC)-ээс Солонгос /БНСУ/-т зохион байгуулсан “Мэргэжлийн бокс”-ын тэмцээнд оролцсон монгол тамирчин тоглолтын үеэр хүчтэй цохиулсны улмаас комд орж, 12 хоног ухаангүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, энэ талаар БНСУ-ын SBS телевиз мэдээлэхдээ, “Энэ сарын 11-нд /2023.03.11/ Кёнгидо мужийн Гапёнгүн хотод Монгол, Солонгосын тоглогчдын дунд мэргэжлийн боксын тэмцээн болсон. Тус тоглолтын үеэр цэнхэр өмсгөлтэй монгол тамирчныг өрсөлдөгч нь хүнд цохилтоор унаган дараалан цохисон байна. Улмаар цохилтын цочролд орсон монгол тамирчин тархины цус харвалтын улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд ухаан ороогүй сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Иймд бид БНСУ-д болсон тус тэмцээнд оролцохоор монголоос ямар тамирчид явсан тэднийг хэн зохион байгуулалтад оруулсан гэх мэдээллийг олон талын эх сурвалжуудаас тодрууллаа.

-ПАН АЗИЙН АВАРГА Д.ЛХАГВА СОЛОНГОСТ БОЛОХ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР НАЙМАН ЗАЛУУ ТАМИРЧИНТАЙ ЯВЖЭЭ-

БНСУ-д болсон “мэргэжлийн бокс”-ын тэмцээнд оролцож байсан тамирчин ринг дээрээ хүнд цохилт авч, одоо Солонгосын эмнэлэгт ухаангүй байгаа гэх мэдээллийг бидний холбогдсон боксынхон бүгд мэдэж байлаа. Учир нь тус харамсалтай явдлыг боксынхон аль эрт мэджээ. Харин тус тэмцээнд тамирчдыг оролцуулах шийдвэрийг Монголын боксын холбоо гаргаагүй аж. Энэ талаар бид тус холбооноос тодруулахад, “Манай холбооноос БНСУ-д болсон тэмцээнд тамирчин явуулаагүй” гэсэн юм.

Тэгвэл БНСУ-д болсон тус тэмцээн нь Монголын “Pomotions” клубээс БНСУ-ын талтай хамтран зохион байгуулсан “халз тулаан” байсан бөгөөд тэмцээний үеэр хүнд бэртэл авсан тамирчин нь боксын хөнгөн жингийн тамирчин Ж /нэрийг нь нууцлав/ байжээ.

Харин тус тэмцээнд оролцуулахаар Пан азийн аварга, МУГТ Д.Лхагва монголоос боксын найман тамирчин авч явсан бөгөөд тэдний нэг нь Ж байжээ. Тодруулбал, Ж нь Д.Лхагваагийн “Lakva Boxing Promotions” боксын клубт хичээллэдэг байна.

Бид энэ талаар “Promotions” боксын клубтэй холбогдож гэмтэл авсан тамирчин болон тэмцээний талаар лавлахад “Мэдээлэл өгөх боломжгүй байна. Тэмцээний талаар нарийн зүйлсийг клубийн удирдлагууд мэднэ” гэсэн юм.

Монголоос очсон найман тамирчны нэг нь тус тэмцээнд ялалт байгуулж, Д.Лхагватай хамт зургаа авхуулжээ

-МАНАЙ ТАМИРЧИДТАЙ ТУЛАЛДСАН СОЛОНГОСЫН ТАМИРЧИД ТУРШЛАГАТАЙ, АВАРГЫН БҮСТЭЙ МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИД БАЙЖЭЭ-

Хамгийн ноцтой нь, БНСУ-д болсон “мэргэжлийн бокс”-ын тус тэмцээнд оролцсон манай тамирчдын дадлага туршлага, бэлтгэл муу байсан байж магадгүй байгаа юм. Харин тэдний өрсөлдөгчид олон жил тус спортоор хичээллэж, өндөр амжилт үзүүлж байсан туршлагатай тамирчид байжээ.

Тухайлбал, тус тэмцээнд монголоос Н, Ж, Б, Э, Н, Б нарын найман залуу тамирчин оролцсон байгаа юм. Тэдний зарим нь дотоодын тэмцээнд оролцож медаль хүртэж байсан бол олон улсын тэмцээнд оролцсон туршлагагүй байжээ.

Харин тус тэмцээнд манай тамирчидтай халз тулалдсан БНСУ-ын Jeong Tae Won, Lee Dong Gwan, Jang Insu, Chan Ho Song нарын тамирчид нь мэргэжлийн боксын “аваргын бүс”-тэй мэргэжлийн тоглогчид байж. Улмаар монголоос очсон залуу тамирчид Солонгосын туршлагатай тамирчидтай олон раунд тоглосон байгаа юм. 

Монгол, Солонгосын боксын тамирчдын тулааны мэдээлэл дараах байдлаар нийтлэгджээ

Сонирхуулахад, мэргэжлийн бокс нь тамирчдаас өндөр ачаалалтай бэлтгэл шаарддаг. Харин манай тамирчид тэр хэмжээнд нь хүрч бэлтгэл сургуулилт хийж чадахгүй байгаа. Гэтэл багш, дасгалжуулагч нь бэлтгэл муу залуучуудын “унаган авьяас”-д нь найдан олон улсын тэмцээн уралдаанд оролцуулж байна гэх шүүмжлэлийг ч зарим иргэд хэлж байлаа. 

Түүнчлэн БНСУ-ын SBS телевиз дээрх тэмцээний үеэр болсон харамсалтай үйл явдлыг эрэн хайж сурвалжилсан байгаа юм. Энэ үеэр “Хэрвээ тэмцээнд дүрэм ёсоор яаралтай тусламжийн эмч байсан бол монголын тамирчны биеийн байдлыг анзаарч тоглолтыг зогсоох, шуурхай арга хэмжээ авах боломжтой байсан” гэжээ. Харин тус тэмцээнийг зохион байгуулсан солонгосын боксын холбооноос “Монголын тоглогч тэмцээнд оролцохдоо аль хэдийн тархиндаа цус харвалттай байсан байж болзошгүй байдал эмчилгээний явцад гарсан” гэж мэдэгдээд байгаа аж.




Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

55 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө