Зеленский Саакашвилид Украины иргэншил олгожээ

Зеленский Саакашвилид Украины иргэншил олгожээ

Гүржийн Ерөнхийлөгч асан мөн Одесс мужийн амбан захирагчаар ажиллаж байсан Михаил Саакашвили 2017 оны долдугаар сард Украины иргэншлээ алдаж байв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Гүржийн Ерөнхийлөгч асан, мөн Украины Одесс мужийн амбан захирагчаар ажиллаж байсан Михаил Саакашвилид Украины иргэншлийг эргүүлэн олгожээ. Энэ тухай холбогдох тушаалыг Украины төрийн тэргүүний цахим хуудсан дээр мягмар гаригт нийтлэсэн байна.

Үүнтэй холбогдуулан Саакашвили талархаж байгаагаа илэрхийлжээ.

“Зеленский Ерөнхийлөгчид баярлалаа! Украины алдар бадраг!” хэмээн тэрбээр Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

Эргэн сануулахад, 2014 онд гарсан төрийн эргэлтийн дараа Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг Украинд урьсан юм. Улмаар түүнийг Одесс мужийн захирагчаар томилон, 2015 оны тавдугаар сард Украины иргэншил олгож байлаа. Гэвч энэ үйл явдлын дараагаас л Саакашвили болон Украины удирдлагын хооронд сөргөлдөөн үүсч, Саакашвили Порошенког авлигын хэрэгт буруутгаж байв.

Энэ сөргөлдөөний дүнд, 2017 оны тавдугаар сард Украины Ерөнхийлөгч Гүржийн улс төрчийн иргэншлийг хасах шийдвэр гаргасан. Шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө Саакашвили Одесс мужийн захирагчийн албанаас халагдах хүсэлтээ өгч, “Шинэ хүчний хөдөлгөөн” нэртэй нам байгуулсны дээр өнөөгийн засаглалын эсрэг зогсон Украины улс төрийн амьдралд идэвхитэй оролцоход бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

Хэдийгээр иргэншлээ хасуулсан ч Саакашвили 2017 оны есдүгээр сард дэмжигчдийнхээ тусламжтайгаар Украинд очин, иргэншлээ сэргээхийг хүссэн ч бүтэлгүйтсэн юм. Харин 2018 оны хоёрдугаар сард түүнийг Киев хотноо саатуулж, дараа нь Польш руу албадан гаргаж байлаа.