БАРИМТ: "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболд хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан байжээ

БАРИМТ: "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболд хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан байжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг "360 мянган ам.долларыг хахуульд авсан байж болзошгүй" хэмээн яллагдагчаар татан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон байдаг. 

-Д.АРИУНБОЛДЫГ ХЯТАДУУДААС 360 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-

Түүнийг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татан прокурорын саналаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорьсон. 

ЭТТ-н захирал асан Д.Ариунболдын Канадад худалдан авсан хаус

-Д.АРИУНБОЛД ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙХДАА КАНАДАД ХОЁР ДАВХАР ХАУС ХУДАЛДАН АВСАН БАЙНА-

Тэгвэл нүүрсний гэх хэргээр шалгагдаж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нь тус албыг хашиж байхдаа Канад улсад орон сууцны зориулалттай өндөр өртөгтэй хаус худалдан авсан байсан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, тэрбээр Канадын Оттова хотын "276 Loretta Ave S #2, Ottawa, ON K1S 4R1" хаягт байрлалтай хоёр давхар, орон сууцны зориулалттай хаус худалдан авсан байжээ. Цахим сүлжээн дэх нээлттэй мэдээллээр тухайн орон сууц нь хоёр унтлагын өрөө, нэг угаалгын өрөөтэй аж. Тус хаусыг 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр 1800 канад доллароор түрээслүүлэхээр зар байршуулж байснаас үзэхэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нь уг байрыг худалдан авч, улмаар түрээслүүлдэг байсан байж магадгүй байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Нүүрсний хэрэгт хятадуудаас 1.3 тэрбум орчим төгрөгийн хахуул авсан хэрэгт эхний байдлаар холбогдоод байгаа тэрбээр хахуулийн мөнгөө ийнхүү угааж, зориулалтыг нь өөрчлөн Канад улсад өндөр өртөгтэй хаус худалдан авсан болох нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Тиймээс ч Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны "Шилжүүлэн авах ажиллагаа"-ны хүрээнд тус хаусыг Монгол улс шилжүүлэн авах аж. Д.Ариунболд нь 2016-2018 оны хооронд буюу жил гаруйн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ийнхүү Канад улсад өндөр өртөгтэй хаус худалдан авч, мөнгө угааж байхад энэ бүхнийг АТГ мэдээгүй юу гэдэг нь мөн энд анхаарал татаж буй юм.

Түүнийг одоогоос гурав орчим жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээллийн мөрөөр хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан удаатай.  Ямартай ч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нүүрсний хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр өртөгтэй хаус худалдан авсан байсныг ийнхүү шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байгаа болохыг эх сурвалж мэдээллээ. 

ЭТТ-н захирал асан Д.Ариунболдын Канадад худалдан авсан хаус