Хүүхдийн сайн үйлсэд зарцуулагдах ёстой “Автомашины улсын дугаарын дуудлага худалдаа”-ны ихэнх орлого “Дугаарын ченж”-үүдийн халаасанд орж байна

Хүүхдийн сайн үйлсэд зарцуулагдах ёстой “Автомашины улсын дугаарын дуудлага худалдаа”-ны ихэнх орлого “Дугаарын ченж”-үүдийн халаасанд орж байна

Зам тээвэр хөгжлийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны /2023.12.28/ өдрийн А/222 тоот тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам” батлагдсан. Тус журмаар иргэдийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг “Үнэ хаялцуулах” ажиллагааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн цахим хэлбэрээр зохион байгуулан явуулахаар зохицуулсан.

Харин үнэ хаялцуулах ажиллагаагаар олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлэн хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд зарцуулна хэмээсэн. Гэсэн хэдий ч “Үнэ хаялцуулах ажиллагаа” нь үндсэн зорилгоо хангаж чадахгүй байгаа юм.

-“ҮНЭ ХАЯЛЦУУЛАХ АЖИЛЛАГАА”-НД ИРГЭД БИШ “ДУГААРЫН ЧЕНЖ” НАР ЗОНХИЛОН ОРОЛЦОЖ БАЙНА-

Үнэ хаялцуулах ажиллагаа буюу дуудлага худалдаанд оролцогчид ихэвчлэн “Улсын дугаарын ченж” хэмээн нэрлэгдсэн хүмүүс байдаг. Улсын дугаарын ченж гэдэг нь дуудлага худалдаанаас хямд авсан дугаарыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд байршуулж дараа нь иргэдэд дамлан зардаг хүмүүсийг хэлдэг.

Дуудлага худалдаанд оролцоход нэг дугаар дээр багадаа 3 хүн оролцож тухайн үнэ хаялцах арилжаа хүчинтэй болдог. Харин ченжүүд нь 3-5 хүн баг нэг болон дуудлага худалдаанд оролцдог гэх мэдээлэл бий.

Тус баг нь оролцохдоо дэнчин байршуулж, бүгд өөрийн багын гишүүд байгаа тохиолдолд үнээ бага өсгөдөг бөгөөд дуудлага худалдаанд оролцсон хүмүүсийн 2-3 нь үнэ хаялцдаг аж. Ингэхдээ үнэ хаялцах цахим сайтаас нэг дугаарыг 100 мянган төгрөгөөс дээш үнээр авдаг бол зах зээлд 300 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалдаг.

-УЛСАД ОРОХ ЁСТОЙ МӨНГӨ ДУГААРЫН ЧЕНЖҮҮДИЙГ БАЯЖУУЛЖ БАЙНА-

Улсын дугаарыг олон янзаар нэрлэхээс гадна нэршил, тооноос хамаарч үнэ нь өөр, өөр байдаг. Нэршил нь “Бүтэн аз /АААА/”, “Өссөн аз /ААВА/”, “Уруудсан аз /ВАВВ/”, “Хос аз /ААВВ/”, “Эргэсэн аз /АВВА/”, “Гурван хос /АААВ/” гэх мэт байна.

Жишээлбэл өчигдөр /2023.04.13/ болсон дуудлага худалдаагаар “Уруудсан аз /ВАВВ/”-ын дугаар болох 6966УЕ* улсын дугаар “5+” хүн оролцохоор бүртгүүлж, үнэ хаялцсан хоёр оролцогчтойгоор 100 мянган төгрөгт худалдаалагдсан бол цахим орчинд уг дугаар 450 мянгаас 1.4 сая төгрөг хүртэлх үнэлгээтэй зарагдаж байна.

Тухайн дугаар хэрэв дуудлага худалдаагаар 1.4 сая төгрөгт худалдаалагдсан бол уг мөнгө хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд зарцуулагдах байсан билээ. Хүүхдийн сайн үйлсэд зарцуулагдах “Үнэ хаялцах ажиллагаа”-г “Улсын дугаарын ченж” гэх нэршил бүхий хүмүүс өөрт ашигтай байдлаар дамлан арилжааж буй явдал энэ мэтчилэн байсаар байгаа юм. Дуудлага худалдаанд оролцоод дугаар авч чадаагүй тохиолдолд дэнчинд байршуулсан мөнгийг буцааж өгдөг. Ингэснээр ченжүүд оролцогчийн хамгийн бага тоонд хүрэхэд түлхэц болдог байж магадгүй бөгөөд тоонд хүрсэн тохиолдолд үнэ хаялцах шаардлагагүйгээр хямд үнээр худалдан авалт хийдэг байна. Эл байдлаар хүүхдийн сайн үйлсэд зарцуулагдах мөнгө “Улсын дугаарын ченж” нарын халаасанд орсоор байх уу.