Дэлхийн аварга Саид Моллаи иргэншлээ сольж Монгол Улсын тамирчин болжээ

Дэлхийн аварга Саид Моллаи иргэншлээ сольж Монгол Улсын тамирчин болжээ

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай тэрбээр иргэншлээ сольж, Монголын тамирчин болжээ. Тэрээр энэ сарын 12-14-нд БНХАУ-д болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Үүний улмаас Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй.

Харин Саид Моллаи өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэгэхдээ хагас шигшээд Бельгийн бөх  Маттиас Кассед ялагдаж, тавдугаар байр эзэлсэн билээ. Албаар ялагдахаас өөр аргагүй байснаа тэр сүүлд ярьсан. Учир нь хэрвээ ялбал нөгөө талаас Израилын Саги Муки гарч ирэх нь тодорхой байсан. Тиймээс түүнтэй барилдахгүйн тулд албаар дийлдсэн юм.

ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн юм.