АТГ: ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгуулахаар шилжүүлсэн

АТГ: ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгуулахаар шилжүүлсэн

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудтай холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгажээ.

Шалгалтаар зарим албан тушаалтан сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсэн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь хууль бус үүрэг, чиглэл өгч мөнгө гаргуулан зарцуулсан, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн албан тушаалтнуудад амаар чиглэл өгч, тодорхой этгээдүүдэд хууль бус давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзжээ.

Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг нь алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох материалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлжээ. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд 2026 оны гуравдугаар сард нийслэлийн дүүргүүд болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад "Албан даалгавар" хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.