Гишүүд тойрогтоо ажиллан ҮХӨ-ийг танилцуулж эхэлсэн ч, иргэд "УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэхийг дэмжихгүй" хэмээж байна

Гишүүд тойрогтоо ажиллан ҮХӨ-ийг танилцуулж эхэлсэн ч, иргэд "УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэхийг дэмжихгүй" хэмээж байна

Өнгөрсөн баасан гарагийн /2023.05.05/ УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг /ҮХӨ/ хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай тогтоолын төслийг 77.6 хувийн саналаар баталсан. Ингээд үргэлжлүүлэн бямба гарагаас нь УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, "УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх" ҮХӨ-ийг дэмжих эсэхээр иргэдийн саналыг авахаар ажиллаж эхлэв. Тэгвэл гишүүдийн уулзалтын үеэр иргэд "УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжихгүй байна" гэх агуулгыг илэрхийлж буй аймгуудын тамгын газрын нээлттэй мэдээллээс ил харагдаж байна. 

ҮЗЭХ: 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тойргийн иргэдтэйгээ уулзсан уулзалт. Ховд.мн хаягаас бичлэг ашиглав.

-ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Н.ЭНХБОЛД АЖИЛЛАЖ, ГИШҮҮНЭЭР Х.НЯМБААТАР, Д.ТОГТОХСҮРЭН, Б.ЭНХБАЯР НАР АЖИЛЛАЖ БАЙНА-

Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүнээр  Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд нар ажиллаж байна. 

Иргэдийн байр суурийг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх юм. Тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлдэг дэгтэй.

Хамгийн сүүлд 2019 онд  Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж байв. Үүний дараа 2022 онд буюу Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг.  Харин энэ удаа хоёр өөрчлөлтийг оруулахаар хуулийн төсөлд тусгаад байна.

  • Сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгох 
  • Гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй болгох өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. 

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд энэ хувилбарыг өөрчилж 152 гишүүнтэй байна гэснийг өөрчилж 120 болгох мөн 60:40 буюу тойргоос сонгох хувилбарыг давуу болгож 40 хувийг жагсаалтаар сонгох хувилбарт санал нэгдэхээр МАН, АН, ХҮН тохирсон гэх мэдээлэл бий.