ХӨСҮТ: Омикроны дэд хувилбарын 205 тохиолдол шинээр бүртгэгдэж, PCR шинжилгээний эерэг илэрц огцом өсч байна

ХӨСҮТ: Омикроны дэд хувилбарын 205 тохиолдол шинээр бүртгэгдэж, PCR шинжилгээний эерэг илэрц огцом өсч байна

Ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдал болон омикроны дэд хувилбар дархаж эхэлсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул: ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал тархснаас хойш өдийг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6.9 сая хүн нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаа. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ зэрэг улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлдээ, "Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Тиймээс улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай" хэмээн зөвлөсөн.

Сүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувь давамгайлан тархаж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн. PCR шинжилгээгээр эерэг илэрц огцом өсөж байна. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр байна. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай байна.

Омикроны дэд хувилбар нь 2021 онд Энэтхэг улсад бүртгэгдсэн. Монголын хувьд 2023 оны гуравдугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ вирусийн илрэлтийн хувь нэмэгдэх хандлагатай байна.

Тавдугаар сарын 12-ны байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн 101 иргэн байгаагаас жирэмсэн эмэгтэй 19, дөнгөж төрсөн 2 ээж, хүүхэд 27 байгаа бөгөөд биеийн байдлыг авч үзвэл нэн хүнд 3, хүнд өвчтөн 7 байна. Ихэнх тохиолдолд хамар битүүрч, ядрах, үе мөчөөр өвдөх, хуурай ханиалгах, хоолой өвдөх, амьсгаарах, нусгайрах зэрэг шинж тэмдгүүд нийтлэг илэрч байна.

Т.Бямбажаргал

 




Өнөөдөр луу өдөр

42 минутын өмнө