Манхан сумын 100 жилийн ойд зориулж ЕБС-ийн төгсөгчид таван сая төгрөгөөр "зуухны яндан" чимэглэхээр болжээ

Манхан сумын 100 жилийн ойд зориулж ЕБС-ийн төгсөгчид таван сая төгрөгөөр "зуухны яндан" чимэглэхээр болжээ

Ховд аймгийн Манхан сумын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан тус сумын ЕБС-ийн 2002 оны төгсөгчид сумынхаа хамгийн өндөр барилга болох хуучин уурын зуухны янданг ойн наадамдаа зориулж таван сая төгрөгөөр чимгэлэхээр болжээ.

Мөн тус сумын 100 жилийн ойд зориулж нутгийн иргэд 200-10 сая төгрөг хүртэлх хандив өгч буй аж.

Манхан сумыг Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа 1923 онд Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын хошуу тус бүрээс 50 өрхийг нэгтгэж, 10 баг болгон үүсгэн байгуулжээ. 1930-аад он хүртэл тогтсон нэргүй байсан ба тухайн үед харьяалан захирч байсан ноёд, зангиудын нэрээр нэрлэж байв. 1930 оноос сумын нэрийг нутгийн хойт зүгт орших тахилгат уул болох Манхан уулын нэрээр Манхан уулын сум гэж нэрлэж байгаад явцын дунд уулын гэдэг үг нь гээгдэж, Манхан сум гэх болжээ.

Сумын төв нь анх Зэрэгийн гол хэмээх газар байрлаж байгаад 1932 онд Баянтүмбэ уулын ард, Төгрөгийн голын хөвөөнд суурьшсан байна. Нийслэл Улаанбаатар хотоос 1336 км, аймгийн төвөөс 84 км зайтай. Тус сум нь хойноос урагш 80 гаруй км, баруунаас зүүн тийш 90 гаруй км сунаж тогтсон 4,330 км² газар нутагтай. 2011 оны байдлаар 4000 гаруй хүн амтай ба нийт хүн амын 90 орчим хувийг Захчин ястнууд эзэлдэг билээ.