Франц-Канадын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар Торгоны зам дагуу аялах аяллаа Монголын нийслэл Улаанбаатар хотоос өнгөрсөн хавар эхлүүлсэн байна. Гэвч тэрбээр Улаанбаатараас гарч 200 км явсныхаа дараа Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн иргэнд зодуулж, хүнд бэртсэний улмаас тус аяллаа зогсоожээ.
Томас Гарон да Силва нь дөрөвдүгээр сарын 29-нд халдлагад өртсөнийхөө дараа сумын төвд гурав хоног хэвтсэн ч бие нь сайжраагүй тул Улаанбаатарын эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр эмч нарын зөвлөсний дагуу сайтар бодсоны эцэст Торгоны замын аяллаа хойшлуулж, Канад руу буцахаар болсноо Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.
Угтаа бол тэрбээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос Португалийн Сагрес хотод хүрэх зорилт тавьсан байжээ.
Ингэхдээ 20 улсын нутаг дэвсгэрээр дамжиж, 135 хоног аялахдаа 17,000 км замыг зөвхөн унадаг дугуйгаар, ганцаараа туулах зорилготой байв. Түүний хувьд өмнө нь дугуйтай аялж байсан туршлагатай нэгэн аж.