“ХЭД” сангийн мөнгийг УИХ-ын 12 гишүүн ЖДҮ шиг хувийн компанидаа авчээ

“ХЭД” сангийн мөнгийг УИХ-ын 12 гишүүн ЖДҮ шиг хувийн компанидаа авчээ

УИХ-ын 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл албан тушаалаа ашиглаж зээл авсан нь тодорхой болоод буй.Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч наймдугаар сард мэдээлэл хийж, эдгээр гишүүдэд “Мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахад бага хүүтэй зээлийг зориулалтын бусаар ашиглаж, өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан УИХ-ын зарим гишүүдийн үйлдэл тогтоогдсон” гэж мэдэгдсэн юм.

Эдгээрт, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Л.Энхболд, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын нэр багтсан тухай зарим хэвлэл мэдээлсэн байдаг.

Мөн УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд асан Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татан, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчлэн, 8 жил хүртэл хугацаагаар хорих ял төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл бий. 

-ЖДҮХС-ААС ХУВИЙН КОМПАНИДАА ЗЭЭЛ АВСАН УИХ-ЫН ГИШҮҮН ХЭДС-ИЙН ДАВХАР ЗЭЭЛ АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ-

Тэгвэл ЖДҮХС-гийн зээлтэй ижил бага хүүтэй Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-аас олгодог “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/”-гийн мөнгийг УИХ-ын нэр бүхий 12 гишүүн, Засгийн газрын сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хувийн компанидаа авсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон байна. 

Учир нь энэ оны 11 дүгээр сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. 

Тэднийг хууль зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая төгрөг, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулж шалгаж байгаа гэдэг. Ингээд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/”-гаас зээл  авсан компаниудыг шалгаж эхэлтэл ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ч ХЭДС-аас 150-200 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон байна. Мөн УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний хамаарал бүхий гурван компани тус сангаас зээл авсан тухай эх сурвалжийн мэдээлэлд дурджээ. 

-ХЭДС-ААС ЗЭЭЛ АВСАН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ НУУЦАЛ ГЭЖ 
МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛ ДЭЭР ЯРИГДЖЭЭ-

Иймд ХЭДС-аас хувийн компанидаа бага хүүтэй зээл авсан УИХ-ын 12 гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд сайд, ТНБД нарын асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр яригдаж, 2020 оны сонгууль дуустал тус асуудлыг олон нийтээс нууцлах нь хэрэгтэй гэж ярилцжээ. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-д өнгөрсөн жилүүдэд олон компани зээл хүсэж материал өгсөн ч тус компаниудаас нэг нь ч тус сангийн зээлд шалгараагүй байна.Харин тэд шалгарахгүй байсан шалтгаан нь УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж тэдэнд боломж олгодоггүй байсан нь өнөөдөр ийнхүү тодорхой болж байна.Харин тун удахгүй жирийн иргэдийн урдуур орж тус сангаас зээл авсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, Дэд сайд, ТНБД, Дүүрэг, Аймгийн засаг нарын нэрс олон нийтэд ил болох биз ээ.