Т.Түвшин-Амгалан: Карантины үеэр ээжтэйгээ хамт шүлэг уншиж, утга бүрийг нь ярилцдаг байсан учир шүлгэнд дурласан /ВИДЕО/

Т.Түвшин-Амгалан: Карантины үеэр ээжтэйгээ хамт шүлэг уншиж, утга бүрийг нь ярилцдаг байсан учир шүлгэнд дурласан /ВИДЕО/

Хамгийн дуртай шүлэг нь Монгол хэмээгээд аравхан насанд баймгүй хурц үг, бие сэтгэлийн хэлэмжээр хэн бүхний тархинд нэгийг бодогдуулам шүлэглэн зогссон бяцхан хүүг та бүхэн өнгөрсөн долоо хоногт “Гайхамшигт бяцхан хүмүүс” нэвтрүүлгээр харсан биз. Түүнийг Т.Түвшин-Амгалан гэдэг. Карантинаар ээж нь түүнд шүлэг бүрийн утгыг үг бүрийн илэрхийлж буй санааг тайлбарлаж шүлэг цээжлүүлснээр ийнхүү шүлгэнд дуртай болжээ.

Мөн тэрбээр Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд таван жил суралцаж өдгөө ямар ч шүлгийг хүний сэтгэлд хүртэл уншиж, ээжийнхээ бахархал болж явна. Иймд бид энэ удаагийн Social ID буландаа Төгсмандахын Түвшин-Амгаланг онцоллоо. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Юуны түрүүнд манай үзэгчид болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-iSee.mn сайтын үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Төгсмандахын Түвшин-Амгалан гэдэг. Би Оюунлаг сургуулийн 5 Б ангийн сурагч.

-Хэзээнээс шүлэг цээжилж, унших болсон бэ?

-Анх 2019 онд ковидын улмаас гэртээ байх үед ээж маань “зүгээр суухаар зүлгэж суу” гээд шүлэг уншуулдаг байсан. Ерөнхийдөө тэр үеэс л шүлгэнд дуртай болж уншиж эхэлсэн. Тэгээд таван жилийн өмнө Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явж эхэлсэн. Тиймээс шүлэг сайн цээжилж, гоё уншдаг болоход ээж болон багш маань тусалсан.

-Ээж болон багшаасаа суралцсан эрдэм туршлагаасаа хуваалцаач?

-Ээж багш хоёр намайг шүлэг уншиж сурахад хоёулаа маш их тусалсан. Ээжийн хүчин чармайлт нэлээд их байгаа. Би ээждээ маш их баярладаг. Багшдаа ч гэсэн. Манай багш өгүүлэх эрхтний дасгал хийлгээд л байдаг. Гэхдээ би бага байхдаа тэрийг нь ерөөсөө ойлгодоггүй байсан. Одоо том болох тусмаа тэр дасгалыг ойлгож хэл ярианы бэрхшээлээ засаад дуусаж байгаа. Бас би нэг шүлэг цээжилж, ажиллахдаа үгийн утгыг ойлгодоггүй байсан. Тэгээд ээж маань энэ шүлэг ийм утгатай. Тэр шүлэг тийм утгатай гээд надад үг болгоныг зааж өгч байсан. Энэ бүхнээс суралцсан зүйл нь гэвэл хэрвээ шүлгийн үгийн утгыг ойлговол хүний цээжлэх чадвар арай жаахан хөгждөг юм байна гэдгийг мэдсэн.

-Ямар шүлэг, ямар найрагчид дуртай вэ?

-Надад дуртай шүлэгч олон байдаг. О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Р.Чойном гээд яривал олон хүн байгаа. Тэдний шүлгэнд би маш их дуртай.

-Яагаад?

-Нэг л шүлгэнд Монгол Улсаараа бахархаж бас болохгүй бүтэхгүй зүйлсийг нь ойлгуулж олон түмэнд түгээдэг гэхчлэн олон агуулгыг багтаасан байдаг болохоор би шүлэгнүүдэд нь дуртай болсон.

Жишээлбэл Жаргал, зовлон гэдэг Р.Чойномын шүлэгт:

Архи тамхины хороор

Эдтэй сайхан тэрнийг

Өстэй юм шиг битгий бөмбөгд

гэдэг хэсэг байдаг. Энэ шүлэгт хүмүүсийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг нь үгээр дамжуулан хэлж төдийлөн боддоггүй зүйлсийг нь ойлгуулж байгаа учраас надад таалагддаг.

-Өөрөө зохиосон шүлэг байгаа юу?

-Одоогоор нэг богинохон “Мансуурч” гэдэг шүлэг зохиосон. Таалагдах юм болов уу даа.

-Үзэгч, уншигчдад маань зориулаад уншиж сонирхуулаач?

-Заа. Гэхдээ таалагдахгүй байх гэж айж байна.

Архинд уу, тамхинд уу

Үгүй ээ энэ хоёрыг алинд ч би мансуураагүй

 Би хайрандаа мансуурч байна

 Би аз жаргалын төлөө мансуурч байна

-Цаашдын зорилго мөрөөдөл байгаа юу?

-Байгаа. Юуны түрүүнд шүлэг уншиж цээжлэх авьяасаа улам их хөгжүүлнэ. Давхар өөр олон хобби гаргаж болно шүү дээ. Тэднийгээ хөгжүүлнэ гэж л бодож байна.

-Яг одоо чамайг үзэж, уншиж байгаа үзэгчдээ зориулж шүлэг уншиж өгөөч гэвэл ямар шүлэг шүлэг унших вэ?

-Юмны үнэ өсөх гэхчлэн олон асуудлаас болж стресстэй байгаа хүмүүс зориулж О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” гэдэг шүлгийг уншиж өгмөөр байна. Би жишээлбэл стресстэй байхдаа шүлэг цээжлэх гэхээр болдоггүй. Ер нь ямар ч ажил гараас гардаггүй гэсэн үг. Тиймээс хүмүүст хандаж битгий бухимдаарай зүгээр дээ хичээвэл бүх зүйл сайхан болно гээд “Тэнгэр шиг бай” шүлгийг уншиж өгье.

-Бидэнтэй ярилцаж, сайхан шүлгийг гайхалтай уншиж өгсөн танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.  




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө