ВИДЕО: Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн шинэ коридорын эхлэл 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил Шивээхүрэн-Сэхэ боомтод эхэллээ

ВИДЕО: Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн шинэ коридорын эхлэл 7.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил Шивээхүрэн-Сэхэ боомтод эхэллээ

“Дохио дугарлаа” хоног өдрийг хилийн дараалалд өнгөрүүлж буй жолооч нар сэртэл, хартал чанга дугарав. Эдийн засаг сэргэх том гарц нээгдэж, хонгилын үзүүрээс гэрэл цацруулж дохио дугарав. Өнгөрсөн 30 жилд эхлээд л зогссон боомтууд сэргэж, суурьшлын бүсийн иргэдэд итгэл өгөх дохио дугарав. Мөнхийн хөрш хоёр орноор дамжин Евро, Азийн худалдаа Монголыг зорих түүхэн өдрийн боломжийг нээж өмнийн шаргал говьд хил холбосон төмөр замын бүтээн байгуулалт эхэлснийг мэдэгдэж дохио дугарлаа.

Бид энэ удаа их бүтээн байгуулалтыг сурвалжилхаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумыг зорьсон юм. Тус бүсэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км нарийн царигтай төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр буюу шинийн найманы бэлэгт сайн өдөр эхэллээ.

ВИДЕО: 

Уг бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Төмөр зам ашиглалтад орсон өдрөөс эхэлж таван зүтгүүр 300 орчим вагоноор 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Уг төсөл зургаан жилийн хугацаанд Монгол Улсад 28.6 тэрбум төгрөгийн татвар төлнө.  Мөн NPV буюу цэвэр өнөөгийн үнэ цэнээрээ 3.5 тэрбум төгрөгийн ашигтай төсөл юм. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхэ боомтод хил холбосон төмөр зам баригдсанаар Монгол, Орос, Хятадын холбосон баруун бүсийн төмөр замын шинэ коридорын эхлэл болж буй билээ. Тус үйл явдлын газар дээрээс нь мэдээлснийг ЭНД ДАРЖ харна уу.

Тус бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сүн Шюэжүнь болон Өмнөговь аймгийн удирдлага болон Гурвантэс сумын төлөөллүүд  хүрэлцэн ирж оролцсон юм. 

-NTV ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ТӨМӨР ЗАМ ХОЁР НИЙЛЭЭД ШИВЭЭХҮРЭНГИЙН ЭКСПОРТЫГ 30-50 САЯ ТОННД ХҮРГЭНЭ-

Бүтээн байгуулалтын үйл ажиллагааны нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахал бидэнд боомт ямар эмзэг байгааг ойлгуулсан. Шинэ сэргэлтийн бодлого өөрөө зовлон дундаас гарсан бодлого. Учир нь эдийн засаг уналтад орж, гадаад өр тулсан байсан. Тиймээс Засгийн  газар Шинэ сэргэлтийн бодлогоор хамгийн эмзэг цэгүүдээ барьж авч богино хугацаанд бүтээн байгуулалт хийж байна. Өнгөрсөн жилийн энэ өдөр өргөн, нарийн царигийн маргаанаас болж Шивээхүрэн, Сэхэ боомт хоорондоо холбогдохгүй байгаа асуудалтай газар дээр нь ирж танилцаж байсан. Тэгвэл өнөөдөр эхний том алхам зөвшилцлийн хүрээнд хийгдэж байна. Уг төмөр зам ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Ингэснээр Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрс экспорт 20 сая тонн хүрнэ.

Мөн NTV-ын дэвшилтэт технологи төмөр зам хоёр нийлээд Шивээхүрэнгийн экспортыг 30-50 сая тоннд хүргэнэ. Энэ нь Монгол Улсын экспортыг зөвхөн Гашуун сухайтаас хамааралтай байдлыг арилгаж нүүрсний экспортыг хоёр дахин нэмэх юм.

Түүнчлэн энэ хавиар уурхайнууд дандаа эрчим хүчний нүүрс олборлодог. Эрчим хүчний нүүрсийг 2030 оноос өмнө гаргахгүй бол бид цаашид экспортлох боломжгүй болно. Үнс болно гэсэн үг. Мөн Шивээхүрэн боомт Арцсуурь боомттой холбогдон. Энэ нь ОХУ, БНХАУ-тай холбогдсон босоо тэнхлэгийн баруун босоо төмөр замын ажил эхэлж байна гэсэн үг. Харин зүүн босоо нь долдугаар сарын 2-нд эхэлсэн. Энэ нь Бичигт боомтыг Эрээнцавтай холбох төсөл. Одоо бид Замын-Үүд боомтыг Алтанбулаг боомттой холбох замыг амжилттай хийж чадвал Монгол Улс гурван транзиттай болж Евро, Азийг холбосон ачаа барааны олборлолт худалдааг газар нутаг дээгүүрээ тээвэрлүүлснээсээ ашиг олох боломжтой болно” хэмээв.

Шивээхүрэн хилийн боомтын нарийн царигийн төмөр зам нь Монгол, Хятад, Орос 3 улсын хил дамнасан төмөр зам болох Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын нэг хэсэг, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц болох утгаараа стратегийн онцгой ач холбогдолтой бөгөөд эдийн засгийн үр ашиг нь  урт хугацаандаа өсөн нэмэгдэх мөн орон нутагт олон тооны ажлын байр шинээр бий болгох ач холбогдолтой юм.

-ЭНЭ ТӨМӨР ЗАМ ОРОС, МОНГОЛ, ХЯТАДЫГ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМЫН КОРИДОРЫН ЭХЛЭЛ БОЛЖ БАЙНА-

Энэ үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Гол төмөр замын урт 7.1 км, нийт дэлгэмэл уртаар 20 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Шивээхүрэн-Сэхэ боомт сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 45 сая тонн нүүрс гаргасан. Өнгөрсөн 2022 онд таван сая нүүрс гаргасан. Энэ жил авто тээврээр 10 сая тонн нүүрс тээвэрлэх бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ төмөр замын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусна. Ингэснээр ирэх жил төмөр зам болон авто тээврээр нийт 20 сая тонн нүүр экспортлох хүчин чадалтай болно. Өөрөөр хэлбэл зөвхөн жилдээ 10 сая тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол жилдээ 20 сая тонн нүүрс тээвэрлэдэг боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Төмөр замын дахин нэг давуу тал нь авто тээврээс 3-5 дахин бага зардлаар нүүрс тээвэрлэнэ.

Энэ төмөр зам Орос, Монгол, Хятадыг холбосон төмөр замын коридорын эхлэл болж байна. Бид цаашид 1200 км төмөр замтай Оростой холбогдоно. Ингэснээр уг замаар гурван улс экспорт, импорт хийх боломжтой. Ингэхдээ өргөн царигийн төмөр замаар экспорт гарж, импорт нарийн царигаар орж ирнэ.

Ийм нөхцөлтэйгөөр манай улсын үндэсний компаниуд Монгол Улсын төрөөс, төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр 200 гаруй зургаан жилийн турш ашиглаж байгаад Монгол Улсын төрд үнэ төлбөргүй буцааж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Төмөр зам ашиглалтад орсон өдрөөс эхэлж таван зүтгүүр 300 орчим вагоноор 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Энэ ажил аравдугаар сараас эхэлнэ” гэв.

Засгийн газрын 2023 оны 05 дугаар ажлын 17-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон.

Шивээхүрэн хилийн боомтын нарийн царигийн төмөр замыг Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн өргөн царигийн төмөр замын бүтээн байгуулалттай уялдуулан Эхний ээлжид Шивээхүрэн өртөөнөөс төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх нөхцөлөөр өртөөний гол болон хүлээн авах, явуулах 5 замтай, ачилт буулгалтын 4 замтай, өртөөний гол замын уртыг 1200 м, хүлээн авах, явуулах замын ашигтай уртыг 1050 метрээс багагүй байхаар төлөвлөсөн. Ачилт буулгалтын замын урт 750 метр байна. Дараагийн ээлжид Шивээхүрэн өртөөг ирээдүйд баригдах баруун босоо чиглэлийн өргөн царигтай төмөр зам болон өргөн царигийн өртөөтэй уялдуулан жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар төлөвлөсөн байна. 

-ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД Ч ОПЕРАТОРГҮЙ, ӨӨРӨӨ ЖОЛООДЛОГОТОЙ ТЕХНИКЭЭР 24 ЦАГИЙН ТУРШ ТЭЭВЭР ХИЙНЭ-

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “Яг 20 жилийн өмнө буюу 2003 онд Монголоос анх удаагаа Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрс экспортолсон. Энэ боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох санаачлаг гаргаж, тус ажлыг эхлүүлж хоёр улсын хооронд болон Засгийн газрын хэмжээнд  шийдвэрлүүлж байсан. Тэр цагаас эхэлж энэ боомтын барилгын ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нүүрсний экспортын 48 хувийг энэ боомтоор гаргаж байна. Өөрөөр хэлбэл 2003 эхэлж Тавантолгой гэж яригдаагүй байх цаг үеэс нүүрс гаргаж байсан гэсэн үг. 2008 онд нарийг царигийн төмөр замыг уурхай хүртэл 47.6 км төмөр зам барих  зураг төсөл бүх судалгааг хийж бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах гэж байхад харамсалтай нь төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гарсан. Ингээд нарийн царигийн төмөр замаа хойш тавьсан. Үүнээс хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид төмөр замын бүтээн байгуулалтыг хийх маш олон оролдлого хийсэн. Уурхай хүртэл нарийн царигийн төмөр зам баригдсанаар танк орж ирчих гээд байгаа бол боомтын хэмжээнд барих санал гаргаж хийлгэсэн. Бас л дэмжлэг аваагүй. Эдийн засгийн ямар ч утга үгүй бүтээн байгуулалтыг хийхгүй гэх асуудал гарч байсан. Гэвч эцэст нь өнөөдөр Монгол Улсын Шивээхүрэн, БНХАУ-ын Сэхэ боомт холбосон төмөр замын ажил эхэлж байгаад маш их баяртай байна. Энэ нь эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ.

Энэхүү бүтээн байгуулалт хийгдэж буй Шивээхүрэн боомт Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа учир төмөр замаас гадна тээвэрлэлтийн схем явагдана. Ингэхдээ операторгүй, өөрөө жолоодлоготой техникээр 24 цагийн турш тээвэр хийнэ. Энэ нь халдвар өвчин, хил гаалийн асуудалтай үед ч экспорт зогсохгүй давуу талтай. Мөн энэ бүс нутаг 5G сүлжээ нэвтэрвэл илүү олон давуу тал бий болно. Эдийн засаг талаасаа олон талын ач холбогдолтой.

Нөгөө талаас энэ бүсэд есөн уурхай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр уурхайнууд өөрсдөө чингэлэг тээвэр, төмөр замын тээврийн терминал руу өөрсдийн тээврээр 24 цагийн хугацаанд нүүрсээ тээвэрлэх боломж бүрдлээ. Бид уг боомтын экспортыг 50 сая тоннд хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ирэх наймдугаар сард Хятадаас 110 кв шугам татаж ашиглалтад оруулах гэж байна. Ингэхдээ мөн дэд өртөөтэй нь татаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлс олон байгаа.  Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого гэж гаргасан. Миний мэдэхийн 90 оноос хойш өөр ямар ч Засгийн газар ийм бодлого гаргаж байгаагүй. Иймд тус бодлогыг ААН-үүд маш их талархан дэмжиж байгаа. Үр дүнгүүд ч гарч эхэлж байна. Ингэснээр экспорт нэмэгдэж, валют бий болж, ажлын байр нэмэгдэнэ. Иймд би Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг их өөдрөгөөр харж байна” хэмээв.

Шивээхүрэн хилийн боомтын төмөр замын үйл ажиллагааны тарифыг бусад хилийн боомтуудад мөрдөж байгаа чингэлэг ачиж буулгах терминалуудын тарифтай ойролцоо буюу нэгж тонн тутамд дунджаар  9479 төгрөг /суурь нэгж үнэ – 7894/ өөр тооцож санхүүгийн загварчлал дээр ачаа эргэлтийн хэмжээг 10 сая тонн гэж зах зээлийн боломжит хувилбараар таамаглахад жил тутам дунджаар 94.7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой байна.

Ийнхүү төсөл 6 жилийн хугацаанд 568.7 тэрбум төгрөгийн орлого олж, нийт 311.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 257.5 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллахаар байна.

-ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ГУРВАН ЖИЛД БАГТААЖ МОНГОЛ УЛСЫН БҮХ БООМТЫН ЭКСПОРТЫГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ, СУУРЬШЛЫН БҮСИЙГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛГОНО-

Боомтын хөгжлийн сайд Б.Тулга “Засгийн газрын тэргүүлэх зорилт боомтын сэргэлтийн хүрээнд нийт шинэ сэргэлтийн бодлогын 50 хувь нь боомтын сэргэлтийн төсөл. Энэ хүрээнд хэрэгжиж буй ажлууд нь Боомтын сэргэлтийн төсвөөс хөрөнгө оруулалт авч хийж байгаа төсөл харьцангуй цөөн байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаднын банкнуудын хөрөнгө оруулалтын зээлээр нэлээд олон төсөл явж байна. Тухайлбал, Увс аймагт байрлаж буй Боршоо боомтын үйл ажиллагаа энэ есөн сард эхэлнэ. Тус боомтын бүтээн байгуулалтын ажил дууссан одоо зөвхөн тавилга, тоног төхөөрөмжөө хүлээж байгаа. Харин Алтанбулаг боомтын нээлт энэ зундаа багтаж, тээвэр ложистикийн хэсгээс эхлэн хэсэгчилж орно. Мөн энэ оныг дуусахаас өмнө зорчигчийг хэсэг нь ашиглалтад орох ёстой. Уг ажилд Засгийн газар хүч тавина ажиллаж байна. Боомтын бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа хувийн хэвшил, компаниудад өнгөрсөн гурван жилийн хугацаанд цар тахлаас үүдэж хүндрэл их гарсан. Улмаар ажил гүйцэтгэж байгаа ААН-үүдээс хамаарч үр дүн нь харилцан адилгүй байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт бид Бичилт боомтын суурьшлын бүсэд ажилласан. Тус боомтын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ боомтын бүтээн байгуулалтын ажил зам талбайн ажлаас эхэлж ардаас нь барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил явна. Ингээд Бичилт боомтын бүтээн байгуулалтын ажил 2024 оны арванхоёрдугаар сард дуусаж, бүрэн ашиглалтад орох ёстой. Тиймээс энэ бүтээн байгуулалтын ажлын явцад гарч буй гацаа болон асуудлыг шийдвэрлэхээр Хилийн боомтын захиргаа, Боомтын хөгжүүлэх төслийн баг ажиллаж байна.

Үүнээс гадна боомтын сэргэлтийн хүрээнд боомтыг хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу өргөжүүлэхээс гадна боомтын ерөнхий төлөвлөлтийг тухайн бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, хиллэж буй боомтуудтай уялдуулж, төлөвлөх ажлыг энэ жилдээ багтаан хийж дуусгана. Ингэд чадвал бидний яриад байгаа Цагаан хад орчмын суурьшлын бүс, Шивээхүрэн дээр үүсэж байгаа суурьшлын бүсүүдэд ажиллаж амьдарч буй иргэдийн нөхцөл байдал энд ажиллаж буй уурхайнуудын хоорондын зохицуулалттай холбоотойгоор үүсэх цахилгаан, дулаан, ус гэх мэт дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх ёстой.

Мөн удахгүй сургууль, цэцэрлэгийн асуудал Боомтын сэргэлтийн төлөвлөлтөд буух ёстой. Өмнө нь боомт гэдгийг зөвхөн хоёр орны хилээр зорчих хэсгээр төсөөлдөг байсан бол одоогийн Засгийн газар Боомтын сэтгэлтийг бүхэл бүтэн цогцоор нь харж, төсөл боловсруулдаг болж байна.

Ингэж байж бид өнөөдөр Монгол Улсын ажиллаж буй бүх боомтоор эрдэс баялгаа бусад улстай худалдаа хийж гаргахад хамгийн ихдээ 40 сая тонныг л гаргаж чаддаг байсан. Үүнийг л маш богино хугацаанд буюу гурван жилийн дотор хамгийн багадаа гурав дахин цаашлаад дөрөв дахин нэмэгдүүлж, төмрийн хүдэр, зэс, нүүрсийг экспортолж тэр хэмжээгээрээ Монгол Улсад орж ирэх валютын орлого нэмэгдэж Монголчуудын ярьж буй нийгэм, бүтээн байгуулалтын асуудлуудыг шийдэх бололцоо үүсэх юм. Тиймээс бид энэ зорилгыг биелүүлэхийн төлөө хувийн хэвшил иргэдтэйгээ хамтран зүтгэх цаг ирсэн байна" гэсэн юм.

-ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД НЭГДЭЖ ААН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА-

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшилсэн “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулах, Шивээхүрэн боомтын хилийн зурваст боомтын зориулалттай төмөр зам барихаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Эрх олгох тухай” 23/04 дугаар тогтоол гарснаар  “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан юм.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Төмөр замын бүтээн байгуулалтад төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 51 хувийн, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан ААН байгуулан оролцож, улмаар төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлнэ. Энэ төсөлд Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос” зэрэг 5 компани мөн хөрөнгө оруулалтад оролцож байна” гэв. 

ФОТО: