Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна. Маргааш буюу энэ сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.