ШУУРХАЙ: Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдыг дээрэмдээд, оргон зайлсан этгээдийг "Шувуу" ажиллагаагаар БНХАУ-аас авчирч, цагдан хорьжээ

ШУУРХАЙ: Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдыг дээрэмдээд, оргон зайлсан этгээдийг "Шувуу" ажиллагаагаар БНХАУ-аас авчирч, цагдан хорьжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас эрүүгийн хэргийн нэг шүүгдэгчийг авчирлаа.

Бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэгт холбогдон шалгуулж, хэргийг нь шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргосон М.Жавхлан хэмээх 23 настай залууг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэс, ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийнхэн улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны шөнө 01.00-02.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутагт иргэн Э.О руу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан аж.

Шүүхээс түүнийг эрэн сурвалжлах захирамж гаргасны дагуу М.Жавхланг ЭЦА-ныхан 2021 оноос хойш эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад БНХАУ руу оргон зугтсан байж болзошгүй мэдээлэл авсан байна. Улмаар Монгол Улс БНХАУ-тай байгуулсан Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу энэ сарын 4-нд тус улсын Эрээн хотоос баривчилж, Улаанбаатарт авчран ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хуяглан хүргэж, цагдан хорьжээ.