Хятадын тагнуултай хамтарсан хэргээр 8 жилийн ял авсан Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзулд холбогдох "маш нууц" хэргийг өнөөдөр УДШ хэлэлцэнэ

Хятадын тагнуултай хамтарсан хэргээр 8 жилийн ял авсан Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзулд холбогдох "маш нууц" хэргийг өнөөдөр УДШ хэлэлцэнэ

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох тагнуулын хэргийг шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 06 /2022.10.06/-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэдэнд 8 жилийн хорих ял оноосон билээ. 

Тодруулбал, тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр тус бүрт нь 8 жилийн хорих ял оноосон гэдэг. Харин Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Бао Гуо Жун-д  12 жилийн хорих ял оноосон байдаг.

Тэгвэл Б.Эрдэнэзул, Л.Алтанцэцэг, Бао Гуа Жун нарт холбогдох 19 хавтас бүхий маш нууцын хэргийг өнөөдөр /2023.06.07/ Улсын Дээд шүүх /УДШ/ хянан хэлэлцэх гэж байна.

Тодотговол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 783 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 264 дүгээр магадлалтай, Б.Эрдэнэзул, Л.Алтанцэцэг, Бао Гуа Жун нарт холбогдох /маш нууц/ 19 хавтас хэргийг шүүгдэгч Бао Гуа Жун, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Лхагвасүрэн, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Б.Эрдэнэзул, Д.Алтанцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын Дээд шүүх хаалттай хянан хэлэлцэх юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1, 19.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэж буй юм. 

Д.Баасан лам агсны эхнэр Д.Алтанцэцэг

Харин ЭХТА-ийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, "1-д Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ. Мөн хуулийн 19.10 дугаар зүйл. Тагнуул хийх 1-д Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: -"Тагнуул хийх" гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно" гэжээ.

Ташрамд өгүүлэхэд, Б.Эрдэнэзул нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орон тооны бус шинжээч, зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.