С.Тэнгэр: Монголын жүжиг дэлхийн хэмжээнд хүрснийг илтгэж буй “Тамгагүй төр” жүжгийн дууг дуулсан нь их хувь тохиол

С.Тэнгэр: Монголын жүжиг дэлхийн хэмжээнд хүрснийг илтгэж буй “Тамгагүй төр” жүжгийн дууг дуулсан нь их хувь тохиол

Эрт үед тусгаар болон салсан Ар Монгол болон Өвөр Монголчууд угтаа нэгэн холбооны ахан дүүс билээ. Сэтгэл  зүрхэнд минь хадаатай миний эх орон бол Ар Монгол хэмээн ярих энэ эрхмийг С.Тэнгэр гэдэг.

ВИДЕО:

Тэрбээр “Ѳвѳрмонголын 6 сая Монголчууд хааяа дотроо боддог. Бидний хойно бидний залаа дээр тусгаар тогтносон Их Монголын голомт болсон улс байгаа гэхээр их ѳмѳг түшигтэй санагддаг юм. Яг л аавтай хүүхэд мэт сэтгэгдэл тѳрдѳг. Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Та нар минь тусгаар улсаа хайрлаж эх орныхоо тѳлѳѳ баруун солгойгүй зүтгэж дэлхийн Монголчуудаа манлайлж оройлж яваарай” хэмээн хэлсэн байдаг нь түүнийг чинхүү Монголоо гэх сэтгэлтэй Монгол хүн гэдгийн илрэл.

Түүний дуу хоолой, нандин илэрхийлэл хэн бүхний чихийг чимэж, нүд сэтгэлийг баясгаж байдгийг хүн бүр мэднэ бас хэлнэ.

Тэрбээр ээлжит нэгэн уран бүтээлээ туурвисан нь эх түүхийг өгүүлэх, их зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол,  Б.Баатар найруулагчийн найруулан тавьсан “Тамгагүй төр” жүжгийн дуу бөгөөд бид клипны зураг авалтынх нь дундуур хэсэг зуур ярилцсан юм. Түүнээс асуух зүйл их, ярилцах сэдэв олон байсан ч хэлээ хазан тэвчиж “Тамгагүй тар” жүжиг болон түүний шинээр гаргасан дууных нь тухай ярилцсан юм.

Өвөр Монголын өөртөө засах орны алдарт дуучин С.Тэнгэр,

Өчигдөр орой “Тамгагүй төр” жүжгийг үзлээ. Үнэхээрийн сэтгэл өндөр байна. Монгол жүжиг дэлхийн хэмжээнээс хэдийнээ илүү гарсныг гэрчлэх шиг боллоо.. “Тамгагүй төр” жүжгийн утга агуулга, өнгө тавилт үнэхээр үлгэрийн сайхан. Ялангуяа энэхүү жүжигт арвин сайхан  Монголын уран үг байна. Үнэхээр чихээ баясгаж үзлээ. Би өчигдөр орой уг нь зарим үг хэллэгийг цээжилж байсан ч хэдийнээ мартаж орхижээ.

Бас нэг онцлон хэлэх зүйл жүжигчид болон бүжигчдийн хувцас хэрэглэл, тайзны чимэглэлүүд нүд баясгаж, өөрийн эрхгүй хараа татаж байна.

Хөгжим ч бас чих баясгалаа. Ер нь өөлөх зүйлгүй тун сайн бүтээл болжээ. “Тамгагүй төр” жүжиг Монголчуудынхаа бахархлыг төрүүлж, цаашдаа Олон улсын үзэгчдийн анхаарлыг татах болтугай хэмээн хүсэн ерөөж байна. Миний бас нэг баярлаж байгаа шалтгаан бол  “Тамгагүй төр” жүжгийн гол дууг нь би дуулсан. Үүнд л туйлын их баярлаж байна. Манай Ордос үгээр бол жигтэй сайхан байна” гэсэн юм.

Түүний дууны нэгээхэн хэсгээс:

Чиний сэтгэл уул юм гэхэд

Чиний минь цаана уул үгүй юм шиг

Чиний үзэмж ус юм гэхэд

Чамаас минь өөр мөрөн үгүй

Ийнхүү түүнтэй хэсэгхэн хором ч болтугай ярилцлаа. Сонирхуулахад, “Тамгагүй төр” жүжиг Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан”/Mongol khan/ нэрээр 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд толилуулах гэж буй билээ.