Сэтгүүлч Б.Анхбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Сэтгүүлч Б.Анхбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаяр ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй.

Түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа юм. Тэгвэл Б.Анхбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15.00 цагт болно.

Сануулахад, ЦЕГ-аас "Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Яллагдагч Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд шинээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн бөгөөд 2023.03.27-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар гэмт хэрэгт давхар шалгаж байна" хэмээсэн байдаг.