ВИДЕО: "Алаг дарам газар"-т 16 давхар орон сууцны барилга барихаар зөвшөөрөл авч, “хог ачна” хэмээн бургасыг нь хяджээ

ВИДЕО: "Алаг дарам газар"-т 16 давхар орон сууцны барилга барихаар зөвшөөрөл авч, “хог ачна” хэмээн бургасыг нь хяджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Газрын наймаа, төлөвлөлтгүй хотын золиос нь өнөөдрийн нийслэлчүүд болж байгаа нь бодит үнэн. Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайг газар олгосон үе, үеийн албан тушаалтнуудыг Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгож, алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжлэх болно" гэдгээ мэдэгдсэн.

Энэ хүрээнд хууль зөрчиж газар олгосон Засаг дарга нарын мэдээлэл ил болоод байгаа ч энэ асуудлыг хуулийн байгууллагаас шалгах эхэлсэн гэх мэдээлэл одоогоор гараагүй байгаа. Хэдийнээ ширэнгэн ой болоод буй Улаанбаатар хотод өдгөө нийтийн эзэмшлийн газар ховордож, эцэстээ ногоон байгууламжуудыг сүйтгэн барилга барих болов. Тухайлбал, Эко дүүрэг гэгддэг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлж, хүүхэд багачууд салхилдаг байсан ногоон байгууламжийг сүйтгэж барилга барих гэж байгаа талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм.

ВИДЕО:

 

Мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 115 дугаар сургуулийн зүүн урд талд байрлах уг газар дээр очсон юм. Тус хэсэгхэн газрыг хашаалж, хаалгыг нь түгжжээ. Ойр орчмыг нь ажиглавал тус газрын зүүн талд өндөр хүчдлийн станц байрлах бол эргэн тойронд нь орон сууцны хороолол байх аж. Харин хашааны хойд булан, зүүн урд талд нь ганц, хоёрхон мод байх бол гол хэсэгт нь мод, бут байсан бололтой ухсан нүх, ганц нэгэн мөчир газарт унасан байдалтай харагдлаа. 

-АЛАГ ДАРАМ ГАЗАРТ 16 ДАВХАР БАРИЛГА БАРИХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Уг жижиг газарт 16 давхар, үйлчилгээтэй орон сууц сүндэрлэвэл тухайн орчмын орон сууцнууд орц, гарцны асуудал хүндэрч, автомашин байтугай явган хүн ч зорчиход хүндрэлтэй байх нь хэн ч харсан ойлгомжтой байх. Гэтэл Хот байгуулалт хөгжлийн газраас өнгөрсөн жил буюу 2022 онд уг газарт 16 давхар үйлчилгээтэй орон сууц барих Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байна. 

Тиймээс ч одоогоос хэдхэн хоногийн өмнө тухайн газарт барилга барихаар хэсэг бүлэг хүмүүс шөнө дөлөөр ирж, "хог ачна" гэх нэрийдлээр хашаа руу нэвтэрч, улмаар тэнд ургаж байсан олон тооны бургасыг хяджээ.

Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир одоогоор ямар нэгэн барилга барих үйл ажиллагаа явагдаагүй байгаа аж. Оршин суугчдийн өгч буй мэдээллээр "Энэ хавийн байрууд хүүхдийн тоглоомын талбайгүй, машины зогсоолын хүрэлцээ муу. Гэтэл ийм жижиг газар дээр 16 давхар үйлчилгээтэй орон сууц барих гэж байгаа нь иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл. Нөгөөтээгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод тарина" гэж уриалаад байхад ийнхүү ургасан мод бургасыг нь энэ мэтээр хядаж, ногоон байгууламжаа сүйтгэн барилга барих гэж байгаагийн цаана ямар нэгэн эрх ашгийн зөрчил, ашиг сонирхол нуугдаж байхыг үгүйсгэхгүй" гэсэн юм. 

Бид энэ талаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Ш.Норонцэрэнтэй холбогдож тухайн газарт барилга барих гэж байгаа эсэхийг лавлахад "Энэ газар нь хоёр иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг талаарх мэдээллийг авсан. Тэд эл газраа ямар зориулалтаар ашиглах гэж байгааг нь миний хувьд сайн мэдэхгүй байна. Барилга барих талаараа хороонд мэдэгдээгүй. Харин тус газрыг ногоон байгууламж хэвээр нь үлдээх хүсэлтийг холбогдох байгууллагуудад нь удаа дараа хүргүүлж байсан ч ямар нэгэн хариу ирүүлж байгаагүй" гэх мэдээллийг өгсөн юм. 

Тухайн газар нь цахилгаан станцтай ойр байрладаг учир эрсдэлтэй гэх дүгнэлт гарч, холбогдох байгууллага нь дээд шатны байгууллагууддаа мэдээлэл хүргүүлсэн гэх мэдээлэл ч байлаа. 

Тиймээс уг газар нь ямар хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байдаг талаарх мэдээллийг хөөж үзэв. Тус газрын Р.Бат-Эрдэнэ, Б.Баярбаясгалан гэх хүмүүс эзэмшдэг байна. Харин газар эзэмших эрхийг 2020 онд тухайн үеийн Хотын Засаг дарга С.Амарсайхан тус газрыг С.Санчираас дээрх хүмүүст шилжүүлэх захирамж гаргаж байжээ. 790 мкв талбай бүхий уг газарт 16 давхар үйлчилгээтэй орон сууц барих гэж буй уг асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авч, иргэдийн эрхийг дээдэлж, үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.